
Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин шатахууны үнийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр" Ойрх Дорнодод үүсээд буй дайны нөхцөл байдлаас үүсэж шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр өсөж байна. ОХУ манайд шатахуун нийлүүлэхдээ Сингапурын биржийн үнээр өгдөг. Энэ хил үнийг ОХУ-аас өмнөх сарынхаа 25-ны дотор өгдөг. Тэгэхээр маргааш 15:00 цаг орчимд манайд хил үнийн мэдээлэл ирнэ. Үнэ ирсний дараа Үнийн зөвлөлийг хуралдуулна. Хоёрдугаар сарын эхээр дизель түлшний үнэ 310 төгрөгөөр буурсан. Одоо бол үнээ нэмье гэдэг асуудал яригдаж байгаа. Ер нь бол 1000-1600 орчим төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлагатай байна гэсэн саналыг импортлогч компаниуд ирүүлсэн. Бид тооцоо судалгаа хийж үзэж байна. Яг одоогоор тэдээр нэмнэ гэсэн эцсийн шийдвэр гараагүй. Бид тооцоо судалгааг хийж, хил үнээ харж байж асуудлыг шийдэхээс өөр аргагүй. Нэмэгдэх нь бол тодорхой болж байх шиг байна.
Бидний хувьд мэдээж ард иргэддээ үнийн шок бага мэдрүүлэхийг бодно. Мөн өртгийг нь сайн тооцож үнээ тогтооно. Ер нь бол хил үнэ дээрээ суурилж үнээ гаргана. Хамгийн гол нь хангамж тасалдахгүй гэдгийг ард иргэд маш сайн ойлгох хэрэгтэй. Гол нь үнийн асуудал. Гэхдээ үнийг бид шийдэхээс илүү дэлхийн зах зээлийн үнээр авна.
Манай улсын шатахууны хэрэглээний 65 хувь нь дангаараа дизелийн түлш байдаг. АИ-92 27.3 хувь байдаг. Уг нь дизель түлшний үнэ хоёрдугаар сард 310 төгрөгөөр буухад үйлдвэрлэгчид бараа, бүтээгдэхүүнийхээ үнээ буулгаагүй. Гэтэл одоо нэмэхээр дахиад нэмээд явчихдаг буруу тогтолцоо байна. Салбар яамны хувьд нийлүүлэлтийг тасалдахгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна" гэлээ.