
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин засгийн эрхээс буусны дараа улс төр, эдийн засгийн нөлөөгөө эргүүлэн олж авах боломжийг тус улсын чинээлэг бизнес эрхлэгчид буюу олигархууд хэлэлцэж эхэлсэн талаар ВВС мэдээлжээ.
Путины засаглалын 25 жилийн хугацаанд Оросын олигархууд улс төрийн эрх мэдлээ ихээхэн алдаж өнөөдөр асар их хөрөнгөтэй байсан ч төрийн шийдвэрт нөлөөлөх боломж нь хязгаарлагдмал болсон. Харин Украины дайны дараа барууны хориг арга хэмжээнд өртөж, гадаад дахь хөрөнгө, бизнесийн боломж нь хумигдсан нь тэдний дунд Путины дараах үеийн талаар бодох хандлагыг нэмэгдүүлжээ.
1991 онд ЗХУ задарсны дараа төрийн өмчит томоохон компаниудыг хувьчилж авсан бизнес эрхлэгчид асар их хөрөнгө хуримтлуулан, улс төрд нөлөө бүхий олигархууд болж хувирсан юм. Гэвч Путин 2000 онд Ерөнхийлөгч болсныхоо дараа тэдний улс төрийн нөлөөг хязгаарлаж, эрх мэдлийг төвлөрүүлсэн. Дайныг эсэргүүцсэн бизнес эрхлэгчдийн хөрөнгийг хурааж, харин Кремлийг дэмжигчдийг төрийн томоохон гэрээгээр урамшуулах замаар тэднийг хяналтдаа байлгаж иржээ.
Форбес сэтгүүлийн мэдээллээр ОХУ-д өнөөдөр 155 тэрбумтан байгаа бөгөөд тэдний нийт хөрөнгө бараг 700 тэрбум ам.долларт хүрсэн байна. Гэсэн хэдий ч хөрөнгө чинээ нь улс төрийн нөлөө, эрх чөлөөг нь баталгаажуулж чадахгүй байгаа нь олигархуудын дунд сэтгэл дундуур байдлыг нэмэгдүүлж буй аж.
Шинжээчид Путины дараах Орос улс гурван өөр замаар хөгжих боломжтой гэж үзэж байна. Нэгдүгээрт, ардчилсан тогтолцоо бэхжих; хоёрдугаарт, Путины оронд өөр удирдагч гарч ирж, авторитар засаглалыг үргэлжлүүлэх; гуравдугаарт, олигархууд улс төрийн нөлөөгөө эргүүлэн авч, 1990-ээд оныхтой төстэй олигархийн засаглал тогтох хувилбар юм.
Оросын шинжээчдийн үзэж буйгаар ардчилсан тогтолцоо бий болох магадлал хамгийн бага гэнэ. Бизнесийн элитүүдийн хувьд 1990-ээд оны үеийнх шиг улс төрийн шийдвэрт оролцож, төрийн эрх мэдэлд нөлөөлөх боломжтой болох хувилбар илүү сонирхол татаж байна.
Энэ хандлагын нэг илрэл нь Оросын найм дахь чинээлэг эрхэм, бордооны үйлдвэрлэлийн магнат Андрей Мельниченкогийн The Economist сэтгүүлд өгсөн ярилцлага байжээ. Тэрбээр Путиныг огцрохыг шууд шаардаагүй ч Орос улс нэг хүний засаглалаас татгалзаж, дэлхийтэй илүү нээлттэй харилцах шаардлагатайг онцолсон байна. Гэхдээ одоогоор олигархуудын дунд Путины эсрэг нээлттэй байр суурь илэрхийлэх хүсэл эрмэлзэл сул хэвээр байгаа юм. Шинжээчид тэднийг Ерөнхийлөгчийг амьд сэрүүн, эрх мэдэлтэй байгаа нөхцөлд эсэргүүцэх нь амь нас, хөрөнгөд нь аюул учруулж болзошгүй гэж болгоомжилж байгааг тэмдэглэжээ.
Оросын чинээлэг бизнес эрхлэгчид Путины дараах үед улс төрийн нөлөөгөө сэргээхийг хүсэж байгаа ч одоогийн дэглэмийн үлдэгдэл эрх мэдэл тэдэнд ийм боломж олгох эсэх нь тодорхойгүй байна.