
Монголын жүдо бөхийн холбооноос 2026 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулахаар болсон. Энэ сарын 23-25-ны өдрүүдэд болох эрэгтэйчүүдийн 49, эмэгтэйчүүдийн 34, холимог багийн ангиллын 12 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын Үндэсний олон нийтийн телевиз шууд дамжуулахаар болжээ. Тэмцээний тайлбарыг тайлбарлагч С.Шижирбат хийхээр болсон байна.
Хэнтий аймгийн Биеийн тамир, спортын хороо 2025 онд “Бөртэ чоно” наадмын шилдэг спорт хороогоор шалгарсан юм. Мөн тус аймгаас Б.Ганхайч жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртсэн билээ. Тэгвэл энэ сард тус аймагт жүдо бөхийн улсын аваргууд тодрох бэлтгэл ажлыг хангаад эхэлжээ.