
Испанийн өмнөд хэсгийн Малага хотод байрлах түүхэн La Malagueta бухын тулааны талбайд матадор Рикардо Ортис бухын дайралтад өртөн амиа алджээ.
Тэрээр тулаанд ашиглагдах бухнуудыг бэлтгэх үеэр хашаанд ажиллаж байхдаа нэг буханд мөргүүлж, ноцтой гэмтэл авсан байна. Уг арга хэмжээг зохион байгуулж байсан Лансес де Футуро компани “бухын тулааны ертөнцөд хүндлэгдсэн, хайрлагдсан хүнээ алдсанд гүн эмгэнэл илэрхийлье” гэж мэдэгдсэн байна.
Ортист тохиолдсон уг эмгэнэлт явдал Пабло Пикассогийн нэрэмжит бухын тулаан болохоос нэг хоногийн өмнө тохиолдсон бөгөөд уг арга хэмжээнд гурван матадор зургаан бухтай тулалдахаар төлөвлөсөн байжээ.
1974 онд Малагад төрсөн Ортис нь бухын тулаанчийн гэр бүлээс гаралтай бөгөөд өөрөө ч энэ салбарт амжилттай ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан нэгэн аж.
Сүүлийн жилүүдэд бухын тулаан болон бухын гүйлт нь Испанийн уламжлалт соёлын нэг хэсэг хэвээр байгаа ч амьтны эрхийг хамгаалах хөдөлгөөнүүдийн шүүмжлэлд өртөж, маргаантай асуудал болоод байна. 2010-2023 оны хооронд Испанид зохион байгуулагдсан бухын тулааны наадмын тоо ч энэ шүүмжлэлээс үүдэн буурсан байна.
Дэлхийн бусад орнуудад ч энэ уламжлал буурах хандлагатай байгаа бөгөөд Колумб улс 2024 онд баталсан хуулиар 2027 он гэхэд бухын тулааныг бүрэн хориглохоор болсон. Мөн Мехико хот өнгөрсөн жил хуульдаа өөрчлөлт оруулж, бух болон матадорт учруулах гэмтлийг багасгах зорилгоор сэлэм, жад зэрэг зэвсгийн хэрэглээг хязгаарласан.