
Эрх баригчдын хэлсэн үг, хийж байгаа үйлдэлтэй холбоотойгоор гадаадын банк оруулж ирэх нь зөв, буруу гэх талцал нийгэмд үүссэн.
Олон нийтийн зүгээс гадаадын банк Монголд ороод ирвэл зээлийн хүү буурна гэсэн хүлээлт тавьдаг ч гадаадын банк орж ирэх боломжгүй гэх ойлголттой хэсэг бас бий. Зөв буруу гэх талцахаас илүүтэй, гадаадын банк оруулж ирснээс ямар боломжууд бий болох, зөв оруулж ирэхийн тулд ямар хууль эрх зүйн болоод бизнесийн орчин шаардлагатай талаар нарийн зураглах нь нэн чухал.
Зээлийн хүүг бууруулах асуудал үеийн үед яригддаг ч хүү буурах эдийн засгийн суурь нөхцөл бүрдээгүй хэвээр. Олон нийтийн зүгээс арилжааны банкууд зээлийн хүүг өндөр тогтоож мөнгө хүүлдэг гэх нийтлэг ойлголттой байдаг ч зээлийн хүүгийн бүтцийг харвал эх үүсвэрийн зардлаас ихээхэн хамааралтай.

Бусад санхүүгийн байгууллагатай харьцуулахад зах зээл дээр арилжааны банкны зээлийн хүү хамгийн бага ч бизнес эрхлэгч, иргэдийн цалин орлоготой харьцуулахад өндөр. Арилжааны банкны хүүг бүтцээр нь харвал эх үүсвэрийн зардал буюу валют, төгрөгийн харилцах, хадгаламжийн хүү 60 хувийг эзэлж байгаа бол банкны үйл ажиллагааны зардал 17, зээлийн эрсдэлийн зардал буюу чанаргүй зээл нь зээлийн хүүгийн 11 хувийг бүрдүүлдэг. Харин банкны ашиг бусад зардал 11 орчим хувийг бүрдүүлдэг аж.
Капитрон банкны гүйцэтгэх захирал Б.Үүрцайхбаатар
Бизнес хийж байгаа хүмүүс хамтарч ажиллахаар болж, бие биедээ мөнгө зээлж, цаг хугацаандаа эргүүлж төлөхөөр гэрээ хийдэг. Хэрвээ хугацаандаа төлөхгүй бол ийм хэмжээний хүү алданги төлөх ёстой болно шүү гэдгээ тохирдог. Гэхдээ нөгөө хүн нь цаг хугацаандаа зээлээ төлөөгүй учраас эцэст нь шүүхэд ханддаг. Анхан, давах, дээд шатны шүүхээр яваад дунджаар 4.7 жил зарцуулдаг ч энэ хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй этгээд хүү төлөхгүйгээр хүний мөнгийг ашигласаар байдаг. Энэ нь банкны хүүгийн зардлыг нэмдэг. Үүн дээр мэдээж хадгаламжийн хүү гол зардал нэмдэг. Өнөөдөр инфляц 7-8 хувь, Монголбанкны бодлогын хүү 12 хувьтай байхад хадгаламжаа 10 хувийн хүүтэй банканд хийх хүн байхгүй шүү дээ.
Банкны зээлийн хүүгийн 11 хувийг бүрдүүлдэг зээлийн эрсдэл өнгөрсөн онд иргэдийн зээлд нэмэгджээ. Тодруулбал 2025 онд иргэдийн цалин, тэтгэврийн чанаргүй зээлийн харьцаа 6 хувьд хүрч өмнөх оноос хоёр дахин өсөж, кредит карт, автомашины чанаргүй зээлийн харьцаа үзүүлэлт мууджээ. 2023 онд 25 хувьд хүрээд байсан уул уурхайн салбарын чанаргүй зээлийн үзүүлэлт 9 хувьд хүрч, бизнесийн чанаргүй зээлийн харьцаа үзүүлэлт 2025 онд сайжирчээ. Иргэдийн болон бизнесийн зээлийн чанаргүйдлийн үзүүлэлт харилцан адилгүй байгаа ч банкууд энэ эрсдэлээ тооцож зээлийн хүүд өртөг нэмдэг. Чанаргүй зээлээс гадна зээлийн хүүгийн 60 хувийг бүрдүүлдэг эх үүсвэрийн зардал буюу хадгаламжийн хүү 2025 онд 12.03 хувь байснаас зээлийн дундаж хүү 17.24 хувиар тогтжээ.
Сангийн дэд сайд Б.Хулан
Эх үүсвэрийн зардлыг авч үзэхэд дотоодод үйл ажиллагаа явуулж байгаа банкууд иргэд, аж ахуйн нэгжээс 12-16 сарын хугацаатай эх үүсвэр татдаг. Гэтэл нөгөө талд бизнесийн зээлүүд 3-4 жил, цаашаа 10 ба түүнээс дээш жил үргэлжилдэг. Эдгээр хугацааны зөрүү хүүдээ шингээд явдаг. Гадаадын банк урт хугацаатай эх үүсвэртэй орж ирвэл хүү тодорхой хэмжээгээр буурах боломжтой гэж үзэж байна.
Хас банкны гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав
Инфляц өндөр учраас аргагүйн эрхэнд бодлогын хүүг өндөр тогтоож, эх үүсвэрийн зардал өндөр байгаа учраас зээлийн хүү өндөр байна. Тэгэхээр гадаадын банк орж ирлээ гээд шууд зээлийн хүү буурах уу гэдэг асуудал хөндөгдөнө. Онолын хувьд гадаадын мөнгө бага хүүтэй орж ирэх боломжтой ч арилжааны нөхцөлөөр үйл ажиллагаа явуулах гэж байгаа ямар ч банк өөрийн үйл ажиллагаа, ашигт ажиллагаагаа тооцохоос гадна тухайн улсын эрсдэлийг ч харгалзаж үздэг. Нөгөө талаар гаднаас ирж байгаа мөнгө гадаад валютаар байна. Монгол мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг хадгалах, ханш суларсан тохиолдолд зээлдэгчдийг эрсдэл оруулахгүйн тулд зээлийг төгрөгөөр олгох нь зөв. Тэгэхээр гаднын банкууд өөрсдийн эх үүсвэрийг төгрөг рүү хөрвүүлэх нэг асуудал гарч ирнэ. Өнөөдрийн байдлаар Төв банкны своп, свопын боломжууд зарим валют дээр байхгүй. Жишээ нь воныг төгрөг болгох боломж өнөөдөр Монголд байгүй. Тэгэхээр гадаадын свопын арилжаа хийвэл маш өндөр өртөгтэй л орж ирнэ гэсэн үг.
“БИДИСЕК ҮЦК” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагвадорж
Сингапур эсвэл Хонконгийн зах зээлд Монгол Улсын хамгийн шилдэг, нэр хүндтэй компаниуд бонд гаргахад хүү нь хоёр оронтой тоогоор тогтож байгаа. Саяхан манай улсын хамгийн том банкуудын нэг 12 хувийн хүүтэй бонд босгосон жишээ ч байна. 12 хувийн долларын бонд гэдэг юу гэсэн үг вэ гэхээр Монголд орж ирээд Төв банктай своп хэлцэл хийж, доллароо төгрөг болгоно. Ингэхэд хуучин 6 хувь байсан бол одоо 8-9 хувийн нэмэгдэлтэй болсон. Тэгэхээр 10 хувийн долларын эх үүсвэр төгрөгт шилжихэд 18-19 хувьтай болно гэсэн үг. Дотоодын арилжааны банкууд томоохон аж ахуйн нэгжүүдэд өнөөдөр энэ хүүгээс багаар зээл олгож байгаа шүү дээ. Тэгэхээр гадаадын банк орж ирээд бодит хөрсөн дээр яаж буух вэ гэдгийг харах ёстой.
Монгол Улсад хэрэгжиж байгаа хуулиар доллароор орлого олдог аж ахуйн нэгжүүдэд долларын зээл олгох боломжтой бол төгрөгөөр орлого олдог иргэн, аж ахуйн нэгж долларын зээл авах боломжгүй. Тэгэхээр гадаадын банк орж ирсэн ч долларын зээл авах боломжит хэсэг хязгаартайн дээр төгрөгийн зээл олгохын тулд своп арилжааны зардал тийм ч хямд биш байх нь.
Гадаадын банк ч гэлтгүй банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх нь ямар ач холбогдолтой вэ. Монголын банк санхүүгийн академиас хийсэн “Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, татварын таатай орчныг бүрдүүлэх” судалгаанд дурдсанаар банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалт татсанаар эх үүсвэрийн суурийг нэмэгдүүлж, зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, санхүүжилтийн өртөг болон зээлийн хүү буурах, мэдлэг, технологи нэвтрэх, зах зээлийн эерэг дохио болох зэрэг давуу талууд үүснэ гэжээ.
2025 онд банкнаас олгосон хэрэглээний зээл 18.1 хувиар, харин бизнесийн зээл 25.1 хувиар өссөн. Өмнөх жилүүдтэй харьцуулахад хэрэглээний зээлийн өсөлт саарч, энэ хэрээр бизнесийн зээл тэлсэн. Хэдийгээр өнгөрсөн онд эдийн засгийн бодит салбарыг дэмжихэд чиглэсэн бизнесийн зээл олголт өссөн ч эх үүсвэрийн дутагдалтай хэвээр. Энэ оны эхэнд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын дараагийн шатны бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтийг “Цэцэнс майнинг энд энержи” компанийн зүгээс Сингапурын хөрөнгийн зах зээлээс татсан. 300 сая ам.доллароор хэмжигдэх энэ хэмжээний санхүүжилт дотоодод байхгүй учраас хүү өндөр, ам.долларын санхүүжилтийг аж ахуйн нэгжүүд энэ мэт гаднаас авч байгаа.
Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар
Мөн банкны салбарын үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаа хэсэгт гадаадын банк үйлчилгээ үзүүлэх боломжтой. Тодруулбал өнөөдөр уул уурхайн салбарт хэрэгцээтэй зээлийг бага хэмжээгээр банкны салбар гаргаж байгаа. Барьцаагүй төслийн зээлүүд, дэд бүтцийн томоохон төслүүдэд дотоодын банкны нөөц бололцоо хуульд тавигдсан шаардлагаас хамаарч хангалттай хэмжээнд зээл олгож чадахгүй байна. Тэгэхээр тэр хэсэгт давуу талтай.
Гадаадын банк орж ирэх нь эерэг, сөрөг олон талтай. Одоогийн байдлаар манай улсад гадаадын банкны салбар, нэгж байгуулах эсвэл Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк байгуулах, арилжааны банкуудад хөрөнгө оруулах боломж эрх зүйн хувьд нээлттэй. Гэхдээ хөрөнгө оруулагчдын хүссэн хэмжээний эрх зүйн болон бизнесийн орчин одоог хүртэл бүрдээгүй нь дээрх хуулиудын хэрэгжилтээс тод харагдана.
2021 онд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар системийн нөлөө бүхий банкууд 2022 оноос эхлэн олон нийтэд хувьцаагаа нээлттэй арилжиж эхэлсэн. Энэ хүрээнд нийт 446 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн ч Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу 2027 он гэхэд банкны 1 хувьцаа эзэмшигчийн дээд хязгаарыг 20 хувьд хүргэх шаардлагатай байгаа. Энэ заалтыг хэрэгжүүлэхэд системийн нөлөө бүхий 5 банкны хувьд хамгийн багадаа 2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтаар хангах шаардлага тулгарна. Гэхдээ одоогийн эрх зүйн орчныг сайжруулахгүйгээр энэ нь боломжгүй гэдгийг Монголбанкнаас мэдэгдэж, хуулийг шинэчлэхээр ажлын хэсэг байгуулагдаад буй.
2023 онд УИХ-аас Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийг баталсан ч өнөөдрийг хүртэл нэг ч банк байгуулах хүсэлт Төв банканд ирээгүй. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа дээрх хууль тогтоомжоор гадаадын банк орж ирэх, сонирхох нь эргэлзээтэй ч олон улсын сайн жишгээр эрх зүйн орчноо бүрдүүлэх нь чухал.
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Ц.Даваасүрэн
Сингапур улсын хувьд 1999 оноос эхлэн дотоодын зах зээл дээрээ гаднын банк оруулж ирэх үйл явцыг эхлүүлсэн байдаг. Ингээд 2000-2001 он гэхэд Full bank буюу бүх төрлийн үйл ажиллагаа эрхлэх банкны тусгай зөвшөөрлийг олгох эхэлсэн. Үүний тулд дотоодын жижиг банкуудыг нэгтгэх ажлыг эхлүүлж, гаднын банканд ямар шаардлага тавих вэ гэдгээ тодорхойлсон. Тус улсын хувьд гаднын банканд full банк буюу бүх төрлийн үйл ажиллагаа эрхлэх банк, wholesale банк буюу том корпорацуудад зээл олгодог банк, offshore буюу валютын үйл ажиллагаа эрхлэх банк гэсэн 3 үндсэн чиглэлээр лиценз олгосон байдаг. Энэ мэт олон улсын туршлагыг бид харгалзаж үзэх нь зүйтэй.
Гадаадын банк ашигтай салбар болон эрсдэлгүй хэсэгт зээл олгох, үйл ажиллагаагаа чиглүүлэхээс сэргийлэхийн тулд хууль эрх зүйн зохицуулалтаа сайтар хийх хэрэгтэйг олон улсын туршлагууд бэлхнээ харуулна. Инфляц, валютын ханш, төсвийн алдагдал гээд эдийн засгийн асуудлаа шийдэхгүйгээр гадаадын банк ороод ирснээр зээлийн хүү шууд буурах боломжгүй ч дотоодын санхүүжилтийн дутагдлыг гадаадын банк оруулах замаар шийдэх боломж ч үүсэх нь. Зохицуулалтын тодорхой бус байдал, бодлогын эрсдэл, өмчлөл болон хөрөнгө оруулалтаас гарах стратегийн хязгаарлалт, ашигт ажиллагаа ба хөрөнгө оруулалтын өгөөж, ханшийн эрсдэл ба хөрөнгийн шилжих хөдөлгөөн, зах зээлийн хэмжээ ба төвлөрөл гээд хөрөнгө оруулалт татахад олон хүндрэл байгааг ч цогцоор шийдэх учиртай.