
Майкрософт компани нийт ажиллагсдынхаа 2.1 хувьтай тэнцэх буюу 4,800 ажлын байрыг цомхотгож байгаагаа зарлалаа. Уг цомхотголд тус компанийн тоглоомын Xbox салбар хамгийн хүнд цохилтыг амсаж байна.
Майкрософт компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Эми Коулмэн ажилтнууддаа илгээсэн цахим захидалдаа "Хурдацтай өөрчлөгдөж буй энэ салбарт хэрэглэгчдэдээ илүү өгөөжтэй байж чадах үндсэн чиглэлүүддээ анхаарлаа хандуулах шаардлагатай байна" хэмээн учирлажээ.
Цомхотголын хүрээнд Xbox салбараас 1600 гаруй ажлын байрыг нэн даруй хасах бөгөөд ирэх жилд дахин 1600 ажилтныг чөлөөлөхөөр төлөвлөсөн байна. Xbox-ийн гүйцэтгэх захирал Аша Шарма "Энэ бол Xbox-ийн түүхэн дэх хамгийн том бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн эхлэл" хэмээн мэдэгдлээ.
Мөн өөрчлөлтийн хүрээнд Xbox-ийн харьяанд байсан тоглоом хөгжүүлэгч дөрвөн томоохон студийг (Compulsion Games, Double Fine Productions, Ninja Theory, Undead Labs) тусгаарлаж, бие даасан менежмент рүү нь буцаахаар болжээ. Эдгээр студи өөрсдийн бүтээсэн тоглоомуудын оюуны өмчийн эрхийг авч үлдэж байгаа юм.
Компанийн удирдлагуудын зүгээс энэхүү цомхотголыг ажлын байрыг хиймэл оюун ухаанаар шууд орлуулах үйл явц биш гэдгийг тодотгосон ч, "AI нь ажил хийх арга барилыг үндсээр нь өөрчилж байгаа" гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Майкрософт компани хиймэл оюуны дэд бүтцэд олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж байгаатай холбоотойгоор зардлаа танах алхмуудыг дараалан авч хэрэгжүүлж байна.
Майкрософт компани өмнө нь 2024 онд мөн 2000 гаруй ажлын байрыг цомхотгож байсан билээ.