
Пакистан дахь Броуд Пик (Broad Peak) ууланд цасан нурангид өртөн амиа алдсан Их Британи–Балбын нэрт уулчин Нирмал Пуржагийн цогцсыг олсон талаар аврагчид мэдээллээ.
Пакистаны Alpine Club of Pakistan байгууллага мэдэгдэлдээ түүний цогцсыг далайн түвшнээс ойролцоогоор 5700 метрийн өндөрт олсон гэдгээ дурджээ. Үүнээс гадна өөр гурван цогцос харагдсан ч хэн болохыг нь хараахан тогтоогоогүй байгаа гэжээ.
43 настай Пуржагийн нас барсныг бямба гарагт түүний байгуулсан Elite Expeditions компани албан ёсоор зарласан. Тэрээр нийт 10 хүний аминд хүрсэн цасан нурангийн хохирогчдын нэг байсан юм.
Балбад төрж, хожим Их Британийн армид алба хаасан Пуржа нь 2019 онд дэлхийн 8000 метрээс дээш өндөртэй 14 оргилыг ердөө зургаан сар гаруйн хугацаанд авирсан амжилтаараа дэлхийд алдаршсан юм.
Alpine Club of Pakistan байгууллагын мэдээлснээр газар дээр ажиллаж буй аврах баг олдсон цогцсуудыг Японы уулчдын бааз руу хүргэх аж.
Пуржагийн нас барсныг зарлахаас өмнө Пакистаны эрх баригчид түүний экспедицийн бүрэлдэхүүнд байсан АНУ-ын иргэн Маллори Гейс, Оманы иргэн Надира Ахмед Абдулла Аль Харти, Балбын иргэн Пур Бахадур Гурунг нарын цогцсыг мөн олсон гэж мэдээлжээ.
Бямба гарагт Балбын Ерөнхий сайд Балендра Шах мэдэгдэл хийн "Пакистаны Каракорумын нуруунд дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржа тэргүүтэй зургаан Балба иргэн болон дөрвөн гадаадын уулчин эмгэнэлтэйгээр амиа алдсан явдал биднийг гүнээ цочирдууллаа" хэмээгээд "Тэдний эр зориг, үнэнч зүтгэл, оруулсан хувь нэмрийн түүх үргэлж урам зориг өгөх болно" гэж мэдэгдсэн.
Пуржагийн ах Камал Пуржа "Хайрт дүү Нирмал 'Нимсдай' Пуржа болон бусад уулчид биднийг орхин одсоныг маш их уй гашуутайгаар дуулгаж байна. Бидний зүрх шархалж байгаа ч бид чамаараа үнэхээр бахархаж байна. Чиний үлдээсэн өв мөнхөд орших болно” гэж эмгэнэлдээ бичжээ.
Аврах ажиллагаанд оролцож буй Alpine Club of Pakistan байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Наила Киани BBC-ийн News hour нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө бүх уулчин амь үрэгдсэн байх вий гэсэн болгоомжлолтой байгаагаа илэрхийлжээ. Тэрээр Пуржатай олон удаа хамт авирч байсан бөгөөд түүнийг "маш туршлагатай, аймшиггүй уулчин" хэмээн тодорхойлж, манлайлах чадварыг нь өндрөөр үнэлсэн байна.
Олон улсын уулчдын багийг Пуржа ахалж байжээ. Нимс нэрээрээ ч алдартай тэрээр 2019 онд 8000 метрээс дээш өндөртэй дэлхийн бүх 14 оргилыг ердөө 189 хоногийн дотор авирч, өмнөх дээд амжилтыг долоо гаруй жилээр ахиулсан юм.
Түүний энэхүү гайхамшигт аяллыг өгүүлсэн Netflix-ийн 14 Peaks: Nothing Is Impossible баримтат кино хоёр жилийн дараа гарч, дэлхий даяар түүнд илүү их алдар нэр авчирсан.
Тухайн үед Пуржа "Энэ зургаан сар маш хүнд атлаа даруу байдлыг ойлгуулсан хугацаа байлаа. Хэрэв тууштай байж, өөртөө итгэж, эерэг сэтгэлгээтэй байвал юу ч боломжтой гэдгийг харуулж чадсан гэж найдаж байна" хэмээн хэлж байжээ.
Тэрээр Их Британийн армид 16 жил алба хаахдаа 10 жилийг нь тусгай хүчний ангид өнгөржүүлж, өндөр уулын авиралтын салбарт гаргасан амжилтынхаа төлөө 2018 онд хатан хаан II Элизабетаас Member of the Order of the British Empire одон хүртсэн юм.
Өмнөд Английн Хэмпшир мужид эхнэр, гурван настай охиныхоо хамт амьдардаг байсан Пуржа өөрийгөө Их Британийн армид алба хааж байхдаа Эверестэд авирсан анхны Гуркха цэрэг гэж тодорхойлж байжээ.
X хуудсандаа даваа гарагт нийтэлсэн хамгийн сүүлийн бичлэгтээ тэрээр анхандаа Броуд Пикт авирах төлөвлөгөөгүй байсан тухай дурдсан байна.
"Анхны төлөвлөгөө бол зөвхөн G2-д авирах байсан гэнэ. Энд дурдсан G2 нь Каракорумын нуруунд орших Гашербрум II оргилыг хэлж буй аж.
Харин Пакистан руу мордохын өмнөхөн хэрэв Броуд Пикт ч мөн амжилттай авирч чадвал хүчилтөрөгчийн нэмэлт төхөөрөмж ашиглалгүйгээр 8000 метрээс дээш өндөртэй 14 оргилд хоёр удаа авирсан түүхэн дэх анхны хүн болохын тулд ердөө нэг оргил үлдэхийг ойлгосон гэж бичсэн байна.
"Eight-thousander" буюу найман мянгатын оргил гэдэг нь далайн түвшнээс 8000 метрээс дээш өндөртэй уулыг хэлдэг.
Пуржа "Энэ төлөвлөсөн зүйл байгаагүй. Гэхдээ боломжууд чангаар дууддаггүй, харин чимээгүй хөдөлмөрлөж буй хүмүүст шивнэдэг" гэжээ.
Тэрээр бичлэгийнхээ төгсгөлд"Броуд Пик, би чамаас аюулгүй өгсөж, аюулгүй буухыг л хүсэж байна. Би уулсыг хэзээ ч басамжилдаггүй" хэмээн өгүүлсэн байв.
Броуд Пик нь уулчдын хувьд хамгийн хүнд сорилтуудын нэгд тооцогддог. Тус оргилд анхны амжилттай авиралтыг 1957 онд Австрийн экспедиц хийсэн. Түүнээс хойш олон хүн оргилд хүрсэн ч олон арван уулчин амь насаа алджээ. Броуд Пикийн хамгийн олон хүний амь эрсэдсэн жилүүдийн нэг нь 2013 он байсан бөгөөд тухайн жил зургаан уулчин амиа эрсджээ.