
Хятадын хүүхэд өсгөх, тэжээвэр амьтан тэжээхээс хямд, арчилгаа багатай хувилбар хайж буй залуус нэгэн сонирхолтой шийдэл олжээ. Тэр нь тоосго “өсгөх” юм.
Тоосго муур шиг эрхлүүлж тэврэхэд зөөлөн биш, үр хүүхэдтэй болох шиг амьдралд утга учир нэмэхгүй байж болох ч бараг ямар ч зардал шаарддаггүй давуу талтай гэнэ.
“Тоосгон хүүхэд” өсгөх нь тасалгааны ургамал арчлахаас ч амархан. Өдөрт хэд хэдэн удаа усаар шүршээд, агаарт байгалиасаа байдаг хөвдний спор тоосгон дээр тогтож ургахыг хүлээхэд л хангалттай. Хятадын нэгэн хэвлэлд тоосгыг “бараг мөнх настай” гэж тодорхойлжээ. “Услахаа мартвал хөвд нь идэвхгүй байдалд орно. Дахин усалж эхэлбэл ногоон өнгө нь эргээд сэргэнэ” гэж уг нийтлэлд дурдсан байна.
Энэ чиг хандлагатай холбоотой хаштаг Хятадын Weibo нийгмийн сүлжээнд таван сая гаруй бичигджээ.
Уг үзэгдлийг амьдралдаа утга учир олохыг хүссэн ч үүндээ бага хүчин чармайлт гаргахыг эрмэлздэг залуустай холбон тайлбарлаж байна. Нэгэн тоосго “эцэг эх” хятадын хэвлэлд ярилцлага өгөхдөө энэ хобби нь “урт хугацааны төсөл дуусгасантай дүйцэхүйц амжилтын мэдрэмж” төрүүлдэг гэжээ.
Инстаграмтай төстэй Xiaohongshu платформын нэгэн хэрэглэгч зэвэн улаан өнгөтэй тоосгоныхоо зургийг нийтэлж, “Үр дүн гаргах шаардлагагүй, биелүүлэх ёстой гүйцэтгэлийн үзүүлэлт байхгүй, цэцэглэхийг гуйх хэрэггүй, бас бусдынхтай харьцуулж ургалтыг нь хэмжих шаардлагагүй” хэмээн бичсэн байна.
Өөр нэг хэрэглэгч “Найзууд маань намайг ухаан санаагаа алдсан уу гэж асуусан. Би үгүй ээ, зүгээр л тоосго өсгөж эхэлж байна гэж хариулсан. Тоосго надад олон харилцаанаас ч илүү бодитой, бат бөх санагдах итгэлтэй байдлыг өгдөг. Сэтгэл судлаачид үүнийг эрч хүч шаардахгүй сэтгэл хөдлөлийн нөхөрлөл гэж нэрлэдэг. Энэ нь хариуд нь хайр халамж үзүүлэх ямар ч үүрэг хүлээлгүйгээр хэн нэгэнтэй хамт байх хэрэгцээг хангадаг” гэжээ.
Хятадын залуус хүүхэдтэй болох, боломж олдвол олдсон ажлаа хийж урт цагаар, хүнд нөхцөлд ажиллах зэрэг нийгмийн уламжлалт хүлээлтээс татгалзах нь ихэсчээ.
Албан ёсны статистик мэдээллээр, 16–24 насны оюутан бус залуусын бараг таван хүн тутмын нэг нь ажилгүй байна. Зарим тооцоогоор ажилгүйдлийн түвшин үүнээс ч өндөр аж.
Хятадын төрөлт буурсаар өнгөрсөн онд түүхэн доод хэмжээнд хүрчээ. Олон жил ширүүн өрсөлдөөнтэй боловсролын тогтолцоонд суралцаж, дараа нь удаашралтай хөдөлмөрийн зах зээлтэй тулгарсан залуус амжилтын төлөөх тасралтгүй өрсөлдөөнөөс татгалзаж, оронд нь “хэвтээ амьдрал” буюу бага хүчин чармайлт, бага стресстэй амьдралын хэв маягийг сонгох болсон байна. Тоосго өсгөх нь яг ийм амьдралын хэв маягт тохирсон хобби юм.
Уг чиг хандлага өргөн хүрээг хамрах болсон учир Хятадын хэвлэлүүд үүнтэй холбоотой эрүүл мэндийн эрсдэлийн талаар анхааруулах болжээ.
Хөвд ургуулах нь хөгц тархах нөхцөл бүрдүүлж болзошгүй. Зарим тоосго “эцэг эх” нүд загатнах, нус гоожих зэрэг харшлын шинж тэмдэг илэрсэн талаар мэдээлсэн байна. Бээжингийн Нийслэлийн багшийн их сургуулийн хөвд судлалын тэтгэвэрт гарсан профессор Ли Сюэдун хүмүүсийг тоосгоо битүү орчинд байлгахыг зөвлөжээ. “Тоосготой харьцахдаа спороор амьсгалах болон арьсаар хүрэлцэх эрсдэлийг бууруулахын тулд нэг удаагийн бээлий, амны хаалт хэрэглэх нь хамгийн зөв” гэдгийг Ли анхааруулсан байна.