
Үндэсний эв нэгдлийн өдрөөр Ерөнхийлөгч Владимир Путин Москвагийн Манеж танхимд гарсан үзэсгэлэнг сонирхож яваа дунд сургуулийн сурагчдад 1945 оны Ялтын бага хурлын талаар тайлбарлаж буйг Оросын хэвлэлүүд тод томруун харуулав. “Дайны дараа дэлхийг хэрхэн зохион байгуулахаа хэлэлцэхээр гурван гол улсын удирдагчид Ялтад цугласан юм” хэмээн Путин хүүхдүүдэд тайлбарлана. Үүнээс өмнө аравдугаар сарын 9-нд Дональд Трамптай утсаар ярихдаа тэрээр Украины дайныг зөвхөн хоёр улсын хоорондын асуудал бус, харин АНУ, Орос, Хятадын удирдагчдын гурван талт уулзалтаар хэлэлцэх боломжийг хөндсөн. Кремлийн зүгээс гурван талт уулзалтыг арваннэгдүгээр сарын 18-19-нд Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр зохион байгуулах хувилбар санал болгож буй аж. Тэгвэл Цагаан ордны зүгээс Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын хүрээнд гурван улсын төрийн тэргүүн уулзах болсныг баталгаажууллаа.
Америк, Орос, Хятадын удирдагчдыг хэлэлцээний ширээний ард суулгах санаачилгыг олон улсын хэвлэлүүд 1945 оны Ялтын бага хуралтай зүйрлэж буй. 81 жилийн өмнөх энэхүү уулзалтаар ЗХУ-ын удирдагч Иосиф Сталин, АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт, Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль нар нацист Германыг ялсны дараа холбоотнууд хэрхэн Европ тив болон дэлхий дахинд нөлөөллөө хадгалахаа тохиролцож, цэрэг, стратеги, улс төрийн түүхэн шийдвэр гаргасан түүхтэй. Харин өнөөдөр Украины дайныг шийдвэрлэх нэрийн дор дэлхийн нөлөөний хүрээг дахин тохиролцох оролдлого өрнөж байна уу гэсэн асуулт тавигдаж эхэллээ.
Түүхэн сургамж
1945 оны хоёрдугаар сард Крымын Ялта хотод болсон бага хурал дайны дараах дэлхийн газрын зургийг тодорхойлоход шийдвэрлэх нөлөө үзүүлсэн. Тэнхлэгийн орнуудын эсрэг зарласан дайнд холбоотны эсвэл болж оролцсон Их Британи болон АНУ-ын талаас Ази тивд дайны ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа Японы эзлэн түрэмгийллийн эсрэг ЗХУ-ыг татан оролцуулахыг хүссэн. Зөвлөлтийн удирдагч Иосеф Сталин хариуд нь Японтой газар нутгийн маргаантай Сахалин арлын өмнөд хагас болон Курилийн арлуудыг өөртөө нэгтгэх, Гадаад Монголын тусгаар тогтносон статусыг хүлээн зөвшөөрөх, Дорнод Хятадын төмөр зам болон Порт-Артур боомтыг ЗХУ-д удаан хугацаанд түрээслүүлэх гэсэн гурван нөхцөлийг сөргүүлэн тавьж, Японы эсрэг цэрэг хөдөлгөсөн билээ. Ялтын гэрээгээр Монгол Улсын тусгаар тогтнолыг анх удаа их гүрнүүдийн хэмжээнд хүлээн зөвшөөрсөн гэдгээрээ манай улсын хувьд маш чухал ач холбогдолтой. Гэвч Зөвлөлтийн нөлөөг Зүүн Европ руу тэлэхийг зөвшөөрсөн тухайд “Ялта” гэдэг нь бусдыг, тэр дундаа нутаг дэвсгэрээ хувааж буй орнуудын санал бодлыг үл харгалзан их гүрнүүд нөлөөллийн хүрээ, стратегийн ашиг сонирхлоо харилцан тохиролцох хуйвалдааныг илэрхийлэх болсон юм.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський
Гурван талт уулзалтыг нөлөөллийн дахин хуваарилалт явагдах Ялта 2, 3, 4 байгаасай гэж хүсэхгүй байна. Одоогийн нөхцөлөөр гэрээ байгуулагдвал Оросын хувьд ноцтой дипломат давуу тал болно, эсрэгээрээ Хятадад ямар ч ашиг тусгүй.
ХБНГУ-ын Холбооны канцлер Фридрих Мерц
Украин дахь дайныг зогсоох хэлэлцээрт Европын үүрэг оролцоо чухал. Энхийн тохиролцооны гол асуудлууд, хориг арга хэмжээ эсвэл аюулгүй байдлын загварыг зөвхөн Европын оролцоотойгоор л шийдвэрлэж болно гэдгийг бүгд мэдэж байгаа.
Сэдэв тодорхойгүй
Одоогоор Путин АНУ, Хятадын тэргүүнтэй юу хэлэлцэхийг хүсэж байгаа нь тодорхойгүй. Wall Street Journal сонинд мэдээлснээр түүний зорилго нь Украины дайныг өөрт нь таатай нөхцөлөөр зогсооход дэмжлэг авах явдал юм. Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын хэвлэлд өгсөн ярилцлагаас харвал Украины асуудал тодорхой хэмжээгээр сөхөгдөх нь.
Тэгвэл Дональд Трамп дээд хэмжээний уулзалтын хөтөлбөрийн талаар өөр бодолтой байна. Тэрээр Путин, Ши Жиньпин нартай уулзахад бэлэн байгаа ч Украины асуудлаар хэлэлцээр хийхгүй хэмээгээд “Бид цөмийн зэвсгийг хураах талаар хэлэлцэхээр уулзаж болох юм” гэж ам алдсан. Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ, ОХУ-ын цөмийн зэвсгийн нөөцийг хязгаарладаг New START гэрээ дуусгавар болсон тул Трамп Хятадыг оролцуулсан, илүү өргөн хүрээтэй шинэ гэрээ байгуулахыг зорьж буй.
Вашингтон дахь Америкийн Их сургуулийн туслах профессор, хятад судлаач Жозеф Торигиан
Хятад улс Украины дайны талаарх хэлэлцээрт идэвхтэй оролцохыг хүсэхгүй. Европыг оролцуулаагүй хэлэлцээрт хошуу дүрэх нь дайнд Москваг дэмжиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх тул Хятад гурвалсан уулзалтаас зайлсхийх хандлагатай. Уулзалтаас цааргалах өөр нэг шалтгаан нь Бээжин цөмийн зэвсгийн хэлэлцээрт эргэлзэнгүй ханддаг. Орос, Америктай харьцуулахад харьцангуй цөөн нөөцтэй гэгддэг хятадууд цөмийн зэвсгийнхээ ил тод бус байдлыг давуу тал гэж үздэг.
Хятадын эрх баригчид сүүлийн жилүүдэд Европын холбоог үл тоомсорлох нь нэмэгдэж байгаа ч худалдааны гол түншийн хувьд Европын орнуудтай сайн харилцаатай байх ашиг сонирхол хэвээр. Гэхдээ Бээжин Тайванийн асуудлыг АНУ-тай хийх стратегийн хэлэлцээний нэг хэсэг болгон авч үзэхийг эрмэлзэж ирсэн. Энэ тохиолдолд Украины асуудлаар тохиролцохдоо Орос улс Тайванийг Хятадын ашиг сонирхолтой холбож, гурван гүрний хооронд харилцан ойлголцол бий болгох боломжийг эрэлхийлж болох юм.
Харин Путиний санаачилгын цаана Оросын хүсэж буй зүйл тодорхой. Украины дайны хэлэлцээрээс Европыг хасаад зогсохгүй Москваг олон улсын тавцанд тусгаарлаж болохгүй гэдгийг дахин харуулах зорилго агуулна. Киевийг НАТО-д элсүүлэхгүй байх, эзлэн авсан нутаг дэвсгэрийнхээ хил заагийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэхийг эрмэлзэж ирсэн Оросын хувьд Украины асуудал бол зөвхөн дайныг зогсоох тухай бус, Зөвлөлт Холбоот Улс задран унасны дараа алдсан стратегийн нөлөөгөө сэргээх оролдлогын нэг хэсэг юм.
Тэгвэл Трампын гадаад бодлого нь хэлэлцээрээс илүүтэй эдийн засгийн ашиг, богино хугацааны үр дүнгээр хэмжигдэх болсон. Цагаан ордны тэргүүн олон улсын харилцаанд үнэт зүйл, холбоотны үүрэг амлалтаас илүүтэй өөртөө ашигтай тохиролцоог чухалчилдаг онцлогтой. Энэ хандлага нь Украины асуудалд Вашингтоны байр суурь өөрчлөгдөж болзошгүй гэсэн болгоомжлолыг улам нэмэгдүүлж байна. Хэдийгээр Трампын үед батлагдсан үндэсний аюулгүй байдлын стратегиар бөмбөрцгийн баруун хагаст АНУ-ын нөлөөллийн хүрээг тодорхойлсон ч БНХАУ Латин Америкт байр сууриа хадгалахаас ухрахгүй.
Эн тэнцэх нэр хүнд
Гурван талт уулзалтыг 1945 оны Ялтын бага хуралтай адилтгах нь өдгөө учир дутагдалтай. Учир юу хэмээвээс Кремлийн эрх баригчдын нүдээр Орос улс АНУ, Хятадтай эн зэрэгцэх их гүрний хэмжээнд харагддаг ч бусад улсууд хүлээн зөвшөөрдөггүй.
Глазгогийн Их сургуулийн Орос-Хятадын харилцааны мэргэжилтэн Марчин Качмарски
Бээжингийн элитүүд Хятадтай эн тэнцүү гэж үздэг цорын ганц улс бол АНУ. Өнгөн дээрээ толгой дохидог ч хаалттай хаалганы цаана Хятадын мэргэжилтнүүд ч, тус улсын удирдлага ч Оросыг тэгш эрхтэй улс гэж үздэггүй.
АНУ-ын Конгрессын завсрын сонгуульд Бүгд найрамдахчууд ялагдсаны дараа Трампын дэлхийн тавцан дахь байр суурь ч бас тодорхойгүй болсон. Энэ тохиолдолд Хятад улс Трампын олон улсын нэр хүндийг дээшлүүлэхэд туслах нь эргэлзээтэй аж. 2000-аад онд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Зүүн Европт айлчлах үеэрээ Ялтын хэлэлцээрийг “түүхийн шившиг” хэмээн удаа дараа цоллож байв. Тухайн үед Нью-Йорк Таймс сонины тайлбарласнаар Бушийн үг Оросын удирдагчдыг тэр дундаа Владимир Путиныг чиглэсэн аж. “ОХУ хөршүүдийнхээ хэрэгт хөндлөнгөөс оролцох эрхгүйн дээр ЗХУ-ын үйлдлийн төлөөнөө уучлалт гуйх ёстой. Ялтын гэрээ гэж дахин байхгүй!” хэмээн бага Жорж Буш 2002 онд Вильнюст тунхагласан юм.
Хэрэв хорин таван жилийн дараа Путин АНУ, Хятадын удирдагчидтай Ялтын бага хуралтай төстэй хэлбэрээр уулзаж чадвал Оросын удирдагчийн хувьд бэлгэдлийн чанартай ялалт болох нь дамжиггүй.