
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 77.1 хувийг 15 хүртэлх насныхан, үүний 49.6 хувийг 5 хүртэлх насны хүүхэд эзэлж байгааг ЭМЯ мэдээлэв.
Мөн амьсгалын цочмог хүнд халдварын шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөний 81 хувийг 15 хүртэлх насныхан, 65.3 хувийг 5 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа аж.
Харин Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэдээлснээр нийслэлд томуугийн өвчлөлийн 60 хүртэлх хувийг зургаа хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Өвчин нь хүндэрч эмнэлэгт хэвтсэн иргэдийн 80 гаруй хувь нь мөн энэ насныхан аж.
Иймээс ЭМЯ-наас аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад томуугийн улиралд өвчлөлийн тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмж, тасралтгүй байдлыг хангах чиглэлээр дараах асуудлыг онцлон авч үзэж, холбогдох байгууллагуудад чиглэл өгчээ. Үүнд,
Хүүхдээ асарч буй эцэг, эх, асран хамгаалагчийг дэмжих
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 398 дугаар тогтоолоор баталсан, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 6 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа ажил эрхэлдэг эцэг, эх, асран хамгаалагчид ажлын 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох, эсхүл зайнаас ажиллуулах зохицуулалтын хэрэгжилтийг хангах
Нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах
Эрүүл мэндийн сайдын баталсан 2026-2027 оны “Томуугийн улиралд томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангаж, өвчлөлийн тархалт, эрсдэлийн өөрчлөлтөд тохирсон хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах
Хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх
Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад хүүхдийн өдрийн эмчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан санхүүжилтийг зориулалтын дагуу үр дүнтэй ашиглаж, өдрийн эмчилгээ, гэрийн эргэлтийг эрчимжүүлэн, хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх зэрэг чиглэл өгсөн байна.