Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн гурван өдрийн турш болж өчигдөр өндөрлөлөө. 52 орны жүдочид оролцсон тус тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар нарын удирдлага дор нийт 15 тамирчин оролцож, нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ.

Б.ГОНЧИГСҮРЭН ТӨРИЙН ДУУЛЛАА ЭГШИГЛҮҮЛЛЭЭ

Өчигдөр эрэгтэйчүүдийн +100 кг-д Б.Гончигсүрэн олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОХУ-ын жүдоч Тамерлан Башаеийг ялж, аваргын алтан медаль хүртлээ. Энэ удаагийн “Их дуулга”-ын сүүлийн барилдаанд Монголын жүдоч ялалт байгуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Б.Гончигсүрэн Эстоний Карл Прилинн, ОХУ-ын Денис Бачаев, Гүржийн Ираклий Деметрашвили, ОХУ-ын Тамерлан Таусович Башаев нарыг дараалан яллаа. Ингэснээр манай баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар ОХУ, Япон, Германы багийн ард дөрөвдүгээр байрт жагслаа.

ХОЁР ДАХЬ ӨДӨР Л.ЭНХРИЙЛЭН ЯПОНЫ ЖҮДОЧТОЙ ФИНАЛД ШАЛГАРСАН

Тэмцээний хоёр дахь өдөр манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ. Тэрээр финалын барилдаанд Японы жүдоч Даннод даралтаар цэвэр ялагдсан.

Л.Энхрийлэн “Их дуулга”-ын зургаа дахь медалиа авлаа. Мөн тэрээр эмэгтэй жүдочдоос ганцаараа медальт байранд шалгарсан юм. Манай бусад жүдочдоос -48 кг-ын жинд Г.Наранцэцэг долоодугаар байр эзэлсэн.

ЭХНИЙ ӨДӨР Э.АРИУНБОЛД МӨНГӨН МЕДАЛИАР МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЛАА

Абу Дабигийн “Их дуулга” тэмцээний эхний өдөр манай найман жүдоч барилдсанаас эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд мөнгөн медаль хүртсэн. Тэрээр аваргын төлөө ОХУ-ын жүдоч Аюуб Блиевт вазари үнэлгээрээр ялагдсан. Энэ медаль манай жүдочдын эхний медаль байсан юм. Энэ тэмцээнд ОХУ-ын жүдоч төрийн дууллаа эгшиглүүлсэн. Тодруулбал, Олон улсын жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас олон улсын тэмцээнд үндэснийхээ бэлгэдлийн дор оролцох эрхийг ОХУ-ын жүдочдод сэргээн олгосон.

ОХУ-ЫН ЖҮДОЧИД ТЭРГҮҮЛЖ, ЯПОН, ГЕРМАН, МОНГОЛЫН БАГ УДААЛАВ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг энэ оны сүүлийн хоёр дахь “Их дуулга” болох Абу Дабигийн тэмцээн гурван өдөр үргэлжилж дүнгээ гаргалаа. Багийн дүнгээр ОХУ-ын баг хоёр алт, дөрвөн мөнгөн медаль хүртэж багийн дүнгээр тэргүүллээ. Японы баг хоёр алт, хоёр хүрэл, Германы баг хоёр алт, Монгол нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар эхний дөрөвт жагслаа. Унгар, Испани, Гүрж, Франц, Канад, БНСУ, Швейцарь нэг алтан медалтайгаар жагсаалтын 10-т багтсан. 52 орноос 26 орон ямар нэгэн медаль хүртсэн бол зохион байгуулагч Арабын Нэгдсэн Эмират улс нэг хүрэл медальтайгаар тэмцээнийг дуусгалаа.