
Азийн хөлбөмбөгийн холбооны "Чэлленж лиг" /AFC Challenge League/ тэмцээний урьдчилсан шатны хоёр тоглолт Монголын хөлбөмбөгийн талбайд боллоо. Энэ тоглолтод лигийн мөнгөн медальт “Төв азарганууд” баг Тайванийн “Тайнан Сити” багтай тоглож, 2:2-оор тэнцэн торгуулийн цохилтоор ялагдсан юм.
Тоглолтын хоёр гоолыг хийсэн “Төв азарганууд” багийн тоглогч Б.Өсөх-Ирээдүйтэй ярилцлаа.
-Юуны өмнө Тайванийн багтай маш өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлсэн танай багийн хамт олонд баяр хүргэе. Таны хувьд тоглолтын хоёр гоолыг хийж, тэнцүүлж чадлаа. Баярын сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа. Миний хувьд маш их баяртай байна. Өөрийнхөө хийж чадах зүйлээ хийж чадлаа. Манай багийн хувьд үнэхээр сайн байлаа. Анх удаа Азийн лигийн урьдчилсан шатны тоглолтод тоглоно гэдэг бол үнэхээр сайхан байна. Манай баг маш сайн тоглож чадсан.
-Багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, гадаад тоглогч олон байсан. Таны хувьд энэ тал дээр юу хэлэх вэ?
-Энэ бүрэлдэхүүнтэй богино хугацаанд тоглолт хийлээ. Мэдээж арваад хоног хамт бэлтгэл хийсэн гэхэд багийн тоглогч нартайгаа сайн ойлголцож чадлаа. Дараа дараагийн тэмцээнд илүү сайн ойлголцоод улам илүү хүчтэй оролцоно гэж бодож байна. Өрсөлдөгч баг хүчтэй байсан ч манай баг бас дутахгүй байлаа. Бидний хувьд илүү байсан гэж хэлнэ.
-Таны хувьд тоглолтын хоёр гоолыг хийж, тэнцүүлж чадсан. Хөгжөөн дэмжигч болон бүгдийг та баярлуулж чадлаа. Тэр үед та юуг мэдэрч байсан бэ?
-Үнэхээр сайхан мэдрэмжийг авч чадсан. Надад бол гайхалтай байлаа. Өмнө нь шигшээ багийн тоглолтыг харж байхад олон хөгжөөн дэмжигчийн өмнө гоол хийж баяраа тэмдэглэж байгаа тоглогчийн агшинг хараад гоё санагддаг байлаа. Гэтэл би өөрөө энэ мэдрэмжийг авлаа. Үнэхээр гайхалтай баярын уурын амьсгалыг мэдэрч чадсан. Энэ агшинг би хэзээ ч мартахгүй.
- Тайванийн “Тайнан Сити” багийн тухайд юу хэлэх вэ?
-Мэдээж өрсөлдөгч багийг маш сайн судалсан. Багийн тоглогч нар том биетэй, туршлагатай тамирчид байна гэж харж байсан. Харин яг өөрийн талбай дээрээ тоглоод ирэхэд арай өөр байсан. Бид ер нь дутахааргүй юм байна гэж бодогдсон. Магадгүй үүний ачаар бид илүү хүчтэй, зоригтой тоглолтыг хийж чадлаа. Үүнийхээ ачаар бид сандралгүй сайн тоглож тоглолтыг тэнцүүлж чадсан.
-Таны хувьд “Төв азарганууд” багтай лигийн тоглолтын дараа нэгджээ. Богино хугацаанд багийн гишүүдтэйгээ ойлголцоход ямар байсан бэ?
-Би лигийн тоглолт өндөрлөсөний дараа долоодугаар сарын 29-д энэ багтай нэгдсэн. Миний хувьд багтайгаа богино хугацаанд ойлголцох нөхцөл байдал гарсан. Бидний бэлтгэл 11 хоног болсон. Хэдийгээр би богино хугацаанд багтайгаа нэгдсэн ч гэсэн сайн ойлголцож чадлаа. Дасгалжуулагчийн зааврын дагуу бэлтгэлийг сайн хийсэн. Бэлтгэлийн хугацаа арваад хоног байсан ч гэсэн надад асуудал гараагүй. Баг хамт олонтойгоо маш сайн ойлголцож чадсаны хүчинд өнөөдөр бид хоёр гоол хийж чадлаа. Гэхдээ бид Тайванийн багтай тоглоод хүссэн үр дүнгээ авч чадсангүй. Тоглолт торгуулийн цохилтоор шийдэгдэж, тэд ялалтыг аваад цааш тоглох эрхтэй боллоо. Энэ нь жаахан харамсалтай.
-Таны хувьд яагаад хөлбөмбөг тоглох болсон бэ. Өөр спортын төрлийг сонирхдог байсан уу?
-Би Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд төрж өссөн. Намайг бага байхад манай гэрт хөлбөмбөгийн бөмбөг байдаг байсан. Энэ нь намайг хөлбөмбөгт сонирхолтой болгосон байх. Тамирчин болох замнал хүн бүрт өөр байдаг. Гэтэл манай сумын хүүхдүүд сагсан бөмбөг, волейбол их тоглоно. Харин би ганцаараа хөлбөмбөг тоглоно. Мэдээж ганцаараа ч гэсэн хөлбөмбөгөө тоглоод байдаг байлаа. Би багаасаа хөлбөмбөгт ингэж дуртай байсан болохоор хаяж чадаагүй. Магадгүй энэ хүсэл мөрөөдөл минь намайг өнөөдөр ийм түвшинд хүргэсэн гэж харж байна. Багийн хамт олондоо, надад тусалсан бүгдэд баярлаж байна. Цаашид та бүхний итгэлийг алдахгүй улам сайн хичээх болно.

