
Дэлхийн хамгийн том видео стриминг платформ болох Нэтфликсийг үүсгэн байгуулагч Рид Хастингс энэ оны зургаадугаар сард төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа буух болсныг зарлажээ.
Энэ онд 65 нас хүрч байгаа Хастингс тухайн үед "Pure Software" компанийн ажилтан байсан Марк Рандольфтой хамтран 1997 онд Нэтфликсийг үүсгэн байгуулсан юм. Тэд эхлээд АНУ-ын зах зээлд DVD кино түрээсийн үйлчилгээг нэвтрүүлж байсан бол одоо технологийн хөгжлийн дагуу хувьсан өөрчлөгдсөөр видео стримингийн үйлчилгээ үзүүлдэг дэлхийн хэмжээний платформыг бий болгож чадсан байна.
Нэтфликсийн удирдах зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд өгүүлснээр Хастингс ийнхүү компанийн үйл ажиллагаанд оролцохгүй, хүмүүнлэгийн ажилд гол анхаарлаа төвлөрүүлэх гэнэ. Хастингсийн одоогийн хөрөнгийн хэмжээ $5.8 тэрбум ам.доллар юм.