.png)
Өмнөд Солонгосын Нэгдлийн сүм (Unification Church) буюу Мүүний шашны тэргүүн хатагтай улс төрчдөд, тэр дундаа тус улсын тэргүүн хатагтай асан Ким Кон Хид хууль бус улс төрийн санхүүжилт болон үнэтэй бэлэг өгсөн хэрэгт холбогдон хоёр жилийн хорих ял авчээ.
Сөүлийн Төв дүүргийн шүүх даваа гарагт 83 настай Хан Хак Жа-г улс төрийн санхүүжилтийн тухай хуулийг зөрчсөн, мөн шашны байгууллагынхаа нөлөөг ерөнхийлөгч асан Юн Сок Ёлийн засаг захиргаанд нэмэгдүүлэх оролдлоготой холбоотой хээл хахуулийн хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.
Шүүхээс Ханыг 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тухайн үед эрх баригч байсан Ардын хүч намын парламентын гишүүн Квон Сон Дон-д 100 сая вон өгсөн хэрэгт нэг жилийн хорих ял, мөн зуучлагчаар дамжуулан Ким Кон Хид үнэтэй бэлэг өгсөн хэрэгт дахин нэг жилийн хорих ял оноожээ.
Шүүхийн шийдвэрт дурдсанаар, өгсөн бэлэгт Chanel брэндийн гар цүнх болон алмаазан зүүлт багтсан байна.
Ким Кон Хи зуучлагчаар дамжуулан Chanel-ийн гар цүнх хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн ч Нэгдлийн сүмийн зүгээс явуулсан гэх улс төрийн лобби ажиллагаанд оролцсон, эсвэл улс төрийн ашиг сонирхлын хариуд бэлэг авсан гэх буруутгалыг үгүйсгэжээ.
Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард Нэгдлийн сүмээс Graff брэндийн алмаазан зүүлт, Chanel-ийн гар цүнх зэрэг бэлэг авсан хэрэгт 20 сарын хорих ял сонссон.
Давж заалдах шатны шүүх дөрөвдүгээр сард түүнийг нэмэлт гэмт хэрэгт, тухайлбал дахин нэг Chanel гар цүнх авсан болон хувьцааны үнийг зохиомлоор өөрчилсөн хэрэгт буруутган, ялыг нь дөрвөн жилийн хорих ял болгон нэмэгдүүлжээ.
Reuters агентлагийн мэдээлснээр шүүгч “Эдгээр гэмт хэрэг нь Нэгдлийн сүмийн санхүүгийн хүчийг ашиглан, сүмийн нөлөөг тэлэх чухал боломж гэж үзсэн 20 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд өөрт ашигтай нэр дэвшигчийг дэмжих зорилгоор үйлдэгдсэн. Тухайн нэр дэвшигч сонгогдсоны дараа сүмийн бодлогод дэмжлэг авах, улс төрийн нөлөөгөө тасралтгүй баталгаажуулах зорилготой байсан” гэж мэдэгджээ.
Шүүх Ханыг 2022 оны долдугаар сард зуучлагчаар дамжуулан Нэгдлийн сүмийн улс төрийн ашиг сонирхлыг дэмжүүлэхийн тулд Ким Кон Хид үнэтэй бэлэг өгсөнтэй холбоотойгоор авлигын эсрэг хуулийг зөрчсөн гэж буруутай гэж үзсэн байна.
Хан буруутгалыг үгүйсгэж, өөрийгөө улс төрийн ямар ч сонирхолгүй, доод шатны ажилтнууд нь өөрийнх нь мэдэлгүйгээр үйлдсэн гэж мэдэгджээ.
Тэрээр “Би мөнгөөр эрх мэдэл хайдаггүй, бүх амьдралаа хүн төрөлхтний энх тайвны төлөө зориулсан” гэжээ.
Нэгдлийн сүмийн албан ёсны нэр болох Дэлхийн энх тайван, нэгдлийн төлөөх Гэр бүлийн холбоо (Family Federation for World Peace and Unification) шүүхийн шийдвэрийг давж заалдана гэж мэдэгдсэн байна.
Сүмийн мэдэгдэлд “Ерөнхийлөгч Хан Хак Жа тухайн үйлдлүүдийг удирдан чиглүүлсэн, эсвэл тэдгээрийн хууль бус зорилгыг мэдэж, зөвшөөрсөн гэсэн шүүхийн дүгнэлтийг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.
Мөн Yonhap агентлагийн мэдээлснээр шүүх Нэгдлийн сүмийн дэлхийн төв байрны өмнөх дарга Юн Ён Ход зургаан сарын хорих ял оноож, Ханы өмнөх туслахад тэнсэн харгалзах ял оноосон байна. Эдгээр гурван хүнийг уг хэрэгтэй холбогдуулан яллагдагчаар татсан юм.
Прокурорууд Ханд нийт 13 жилийн хорих ял оноохыг хүсэхдээ дээрх үйлдлүүд нь шашин болон улс төрийн хооронд хууль бус холбоо тогтоож, төлөөллийн ардчиллыг сулруулсан гэж үзжээ.
Шүүх Хан болон сүмийн бусад хуучин албан тушаалтныг 2022 оны гуравдугаар сард сүмийн хөрөнгийг ашиглан нийт 144 сая воны хууль бус улс төрийн хандив өгсөн хэрэгт буруутай гэж үзсэн байна.
Гэхдээ эдгээр хандивтай холбоотой тусдаа хөрөнгө шамшигдуулсан гэх хэрэгт Ханыг цагаатгажээ.
Түүнчлэн Ханыг Балба болон Сенегалын улс төрчдөд сонгуулийн мөнгө өгөхийн тулд сүмийн 787 сая воны хөрөнгийг шамшигдуулсан гэх буруутгалыг шүүх хэрэгсэхгүй болгосон байна. Учир нь уг асуудал тусгай прокурорын мөрдөн шалгах эрх, бүрэн эрхийн хүрээнээс гадуур гэж шүүх үзжээ.
Нэгдлийн сүмийн дагалдагчид “Жинхэнэ эх” (True Mother) хэмээн хүндэтгэдэг Хан шүүхэд тэргэнцэртэй, эмнэлгийн хувцас өмсөж, мэс заслын амны хаалттай иржээ.
Тэрээр одоогоор хоригдоогүй байгаа бөгөөд өмгөөлөгчид нь эрүүл мэндийн шалтгаанаар цагдан хорих шийдвэрийг түдгэлзүүлж чадсан байна. Уг түдгэлзүүлэлтийн хугацаа лхагва гарагт дуусах юм. Хан 2025 оны есдүгээр сард баривчлагдсанаасаа хойш цагдан хорих төв болон эмнэлгийн хооронд удаа дараа шилжжээ.
Сүмийн мэдээлснээр Хан зүрхний асуудалтайгаас гадна унасны дараах өвдөлт, мөн глаукомын эмчилгээ хийлгэж байгаа аж.
Сүмийн хэвлэлийн төлөөлөгч “Түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан цагдан хорих хугацааг дахин түдгэлзүүлэх хүсэлт гаргах эсэх асуудлыг өмгөөлөгчид нь хэлэлцэж байна” гэжээ.
Хан Хак Жа нь Нэгдлийн сүмийг үүсгэн байгуулагч Мүн Сон Мён-ы бэлэвсэн эхнэр бөгөөд нөхрөө 2012 онд нас барсны дараа тус байгууллагын удирдлагыг гартаа авсан юм.
Мүн Сон Мён 1954 онд уг сүмийг байгуулан өөр өөр үндэстний хүмүүсийг хамарсан масс хуримын ёслолуудаараа олон улсад алдартай болсон.
Албан ёсоор Дэлхийн энх тайван, нэгдлийн төлөөх Гэр бүлийн холбоо нэртэй үйл ажиллагаа явуулдаг тус байгууллага нь хэвлэл мэдээлэл, боловсрол, хүнсний түгээлт зэрэг салбарт томоохон бизнесийн ашиг сонирхолтой. Тус байгууллага Өмнөд Солонгос дахь улс төрийн холбоо, харилцааныхаа улмаас олон жилийн турш анхаарал, хяналтад байсаар иржээ.
Энэ хэрэг нь Юн Сок Ёль 2024 оны арванхоёрдугаар сард цэргийн онц байдал тогтоох шийдвэр гаргасны дараа түүнтэй болон эхнэртэй нь холбоотойгоор эхэлсэн цуврал мөрдөн шалгах ажиллагааны нэг хэсэг юм.
Уг шийдвэр нь улс төрийн хямрал үүсгэж, улмаар Юн Сок Ёлийг импичментээр огцруулан, албан тушаалаас нь чөлөөлөхөд хүргэсэн билээ.
Нэгдлийн сүмийн гишүүдийг англиар заримдаа “мүүний” гэж нэрлэдэг. Тэд 2022 онд Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ алагдсаны дараа дахин олны анхааралд орсон юм. Хэргийн сэжигтэн уг байгууллага нь өөрийн гэр бүлийн санхүүгийн сүйрэлд нөлөөлсөн гэж мэдэгдэж байсан байна.
Нэгдлийн сүм дэлхий даяар ойролцоогоор 10 сая дагалдагчтай гэгддэг.