Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чансааны оноо олгох цуврал тэмцээнийг зохион байгуулдаг. Уг цувралын нэг болох “Улаанбаатар опен” тэмцээн энэ сарын 29-нд эхэлнэ. 17 орны 350 гаруй тамирчин өрсөлдөх тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд дөрвөн өдрийн турш үргэлжилж шилдгүүдээ тодруулах юм.

“Улаанбаатар опен” тэмцээн болохтой холбогдуулан зохион байгуулагчдын зүгээс тэмцээний үзэгч, тамирчдад зориулан автобусаар үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ. Тэмцээн болох тавдугаар сарын 29-өөс зургаадугаар сарын 1-ий хооронд Спортын төв ордноос 09:00, 10:00, 16:30 цагуудаас “Буянт-Ухаа” ордныг зорьсон автобус хөдөлнө. Харин “Буянт-Ухаа” ордноос Спортын төв ордны чиглэлд 15:00, 20:30 цагуудаас автобус явах юм байна.

“Улаанбаатар опен” тэмцээнд сонгомол бөхийн 55, 60, 63, 67, 72, 77, 82, 87, 97, 130 кг, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 кг, эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг-ын жинд шилдгүүдийг тодруулна.

“Улаанбаатар опен” тэмцээний нийт шагналын сан 400 сая төгрөг бөгөөд зохион байгуулагч орны давуу байдлаар манай улсаас нэг жинд тав хүртэлх тамирчин оролцох аж.

Ташрамд дуулгахад, Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо 2019 онд чансааны оноо олгох журамд өөрчлөлт оруулж, чансааны онооны цуврал тэмцээнүүдийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү чансааны оноонд үндэслэн оны шилдэг тамирчин, тивийн аварга шалгаруулах тэмцээний хэсэг толгойлох бөхийг тодруулдаг. Мөн цуврал тэмцээний үр дүнд олимпын наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэсэг тэргүүлэх бөхчүүдийг сонгодог болсон билээ.