
Монголын Үндэсний музей “Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэнг дэлгэжээ. Үзэсгэлэнгийн танхим хөл хөдөлгөөн ихтэй, ялангуяа өсвөр насны хүүхдүүд урьдын түүх, аав, ээжийнхээ туулж өнгөрүүлсэн амьдрал, цаг үеийг тольдож байв. Мэдээж хуучны тарчиг үе, нийгмийн байдал ч тун хэцүү байсан талаар шүүмжлэх иргэд цөөнгүй. Гэвч үзэсгэлэнгийн зүгээс аваад үзэхэд яалт ч үгүй Монголын түүхийн салшгүй хэсэг, аж үйлдвэрлэл, бүтээн байгуулалт ид өрнөж, монгол хүн сансарт ниссэн, атар газар эзэмшиж, хөдөө аж ахуй болон нийтээр боловсрол эзэмших, уул уурхайн бүтээн байгуулалт зэрэг олон түүхэн явдал тухайн цаг үед болсон билээ.
Тиймээс ч үзэсгэлэнг дэглэхдээ тухайн нийгмийн хүмүүсийн эдэлж хэрэглэж, хүнсний хэрэглээндээ хэрэглэж байсан зүйлсээс гадна урлаг соёлын чухал ач холбогдол бүхий хөөмөл урлаг, сийлбэр, шаазан эдлэлүүд зэргийг ч орхигдуулсангүй аж. Мөнхүү хөдөө аж ахуй, уул уурхай, барилга хот байгуулалт, сансарт ниссэн түүх, уул уурхай, боловсрол, атар газар зэрэг тухайн цаг үеийг таашаах, эс таашаахаас үүдэн түүхэн үйл явдлыг үл үгүйсгэхэд чиглэсэн сонирхолтой үзмэрүүдийг нарийн зохион байгуулалттайгаар, тус бүр сэдэвчилж дэлгэжээ.
Эндээс бид түүхийнхээ эерэг болон сөрөг талыг бодитоор харж болно. Түүгээрээ л “Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн онцлогтой.
Хөдөлмөрийн үнэ цэн
Үзэсгэлэнгийн танхимд дэлгэсэн бүтээл, эдлэл хэрэглэл бүрийн цаана тухайн цаг үеийн хүмүүсийн хөдөлмөр, ур чадвар, амьдралаа сайжруулах гэсэн эрмэлзэл оршиж байна. Аж үйлдвэр, уул уурхай, барилга хот байгуулалт, хөдөө аж ахуйн салбарт бий болсон ололт амжилтууд нь улс орны хөгжлийн түүхийг тодорхойлохын зэрэгцээ олон мянган хүний хүч, хөдөлмөрийн үр дүн байв. Тэр дундаа гар урлал, сийлбэр, шаазан эдлэл зэрэг үзмэр нь тухайн үеийн урлаачдын гоо зүйн мэдрэмж, нарийн ажиллагаа, бүтээлч сэтгэлгээг илтгэнэ.
Өнгөрсөн үеийн амьдралын хүнд хэцүү нөхцөл, бараа бүтээгдэхүүний хомсдолыг үгүйсгэх аргагүй ч тэдгээрийн дунд бүтээн байгуулж, сурч боловсрон, ирээдүйдээ итгэж байсан хүмүүсийн түүхийг үгүйсгэх аргагүй. Өнөөдрийн бидний эзэмшсэн мэдлэг, ашиглаж буй дэд бүтэц, хөгжлийн олон боломж тодорхой хэмжээгээр өмнөх үеийнхний бүтээсэн суурьтай холбогдоно. Иймээс үзэсгэлэнгийн гол онцлогийн нэг нь өнгөрсөн нийгмийг бүхэлд нь магтах, эсвэл үгүйсгэхээс илүүтэйгээр хүний хөдөлмөрийн үнэ цэнийг таньж, түүний үр шимийг өнөөгийн хөгжилтэй холбон ойлгох явдал юм.
Тиймээс ч өнөөгийн бидний жирийн гэж сэрэх зүйлс өмнөх үеийнхний хувьд ололт амжилт, шинэ боломж байсныг үзмэрүүдээс харж болно.




Түүх
Бидэнд санаж сэрэх, тэндээс сайн, мууг зөвөөр ялган таних, урьдын туршлагаас сайныг нь хэрэгжүүлэх үүх түүх олон. Нөгөөтээгүүр хүн аливааг үзэж, танин мэдэж байж л ултай тунгааж, сөрөг эерэгийн дэнсийг ялгана.
Түүхийг танин мэдэх нь өнгөрсөнд юу болсныг мэдэх төдий бус, өнөөдрийн нийгмээ ойлгож, ирээдүйд ямар зам сонгохоо эргэцүүлэх үйл явц билээ. Монголын социалист нийгмийн түүхэнд боловсролын хүртээмж нэмэгдсэн, үйлдвэржилт өргөжсөн, дэд бүтэц хөгжсөн зэрэг ололт байсан ч хүний эрх, эрх чөлөөний хязгаарлалт, улс төрийн хэлмэгдүүлэлт зэрэг эмгэнэлт талууд ч мөн бий. Эдгээрийг бодит баримт, эд өлгийн зүйл, гэрэл зураг, түүхэн үйл явдлын мэдээлэлтэй холбон үзэх нь тухайн цаг үеийг хэт нэг талыг барилгүй ойлгоход тусална.
Өнгөрсөн нийгмийн сайн, муу талыг ялган танихдаа өнөөгийн үнэлэмжээр шууд дүгнэхээс гадна тухайн үеийн нөхцөл байдал, хүмүүсийн сонголт, амьдралын боломжийг харгалзан үзэх нь чухал. Түүхийн сургамжийг зөв ойлгож чадвал бид өмнөх үеийн ололтыг улам хөгжүүлж, алдаа завхралыг дахин давтахгүй байх ухамсрыг төлөвшүүлнэ. Тиймээс “Социализмаар аялцгаая” үзэсгэлэн нь өнгөрсөн үеийг эргэн харах боломж төдийгүй Монголын нийгэм хаанаас хаа хүрснийг тунгааж, цаашид юуг эрхэмлэн хамгаалах ёстойг бодоход хүргэж байна.
Басхүү үзэсгэлэнг үзэж буй залуу үеийнхэн аав, ээж, өвөө, эмээгийнхээ амьдарч байсан нийгмийг эдгээр бодит баримтаар дамжуулан төсөөлөх боломжтой.
Дурсамж гэдэг зөвхөн өнгөрснөө үгүйлэх бус, харин өнөөдөр ямар замаар бүрэлдэн бий болсныг ойлгох нэгэн цонх. Тиймээс “Социализмаар аялцгаая” үзэсгэлэн нь эд өлгийн зүйлсээр дамжуулан үе хоорондын ойлголцлыг бий болгож, өнгөрсөн цаг үеийг танин мэдэх сонирхлыг төрүүлж буйгаараа үнэ цэнтэй.