Долоо хоног тутмын "Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн 644 дэх дугаар хэвлэгдлээ. Энэ удаагийн дугаарт багтсан онцлох нийтлэлүүдээс танилцуулъя.

Нэг. Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын хэн нь ч биш

Тэнгэрт хоёр нар байдаггүйтэй адил МАН хос даргатай байх нь утгагүй. Тэр тусмаа Д.Амарбаясгалан, Г.Занданшатар гэсэн хос дарга ойлголцож ажиллах бүр худлаа гэдэг нь нотлогдлоо. Хоёулаа биш гэсэн ч нэг нь МАН-ыг даргалаад явахад легитим талаасаа хэцүү болчихлоо. Гэтэл өнөөдөр энэ хоёр хүний тэмцлийг нэг хэсэг нь хоёр хүнийх, нөгөөдүүл нь бүлэглэлүүдийнх, бүр зарим нь үе хоорондынх гэж тодорхойлж байна. Аль аль нь л байх. Үе талаас нь бодож үзвэл МАН-ыг сүүлийн сонгуульд 1980-аад оныхон авч орж ялалт байгуулсан. Улс төрийн тэргүүн эгнээнд ч энэ үеийнхэн хүч түрэн орж ирсэн. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, Д.Амарбаясгалан УИХ-ын дарга болсноор энэ бүхэн батлагдана. Тэгвэл энэ үед зайгаа зугуухан шилжүүлж байсан 1970-аад оныхон эргэж ирснээр өнөөгийн тэмцэл эхэлсэн гэх.

Иймээс ч МАН-ын Их хурлаас Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын хэнийг ч даргаар сонгохгүй байх хувилбарыг гишүүд нь ярилцаж эхэлжээ. 

Г.Анарын "МАН-ын даргын тэмцэл: БҮР ӨӨР ХУВИЛБАР" нийтлэлээс

Хоёр. Шударга бус тогтолцоо

Өндөр орлоготой өрхүүдийн боловсролын салбарт зарцуулж байгаа мөнгө бага орлоготой өрхөөс 32 дахин их байна. Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанаас харахад 2024 оны байдлаар өндөр орлоготой өрхүүд хүүхдийнхээ боловсролд сард дунджаар 222870 төгрөг зарцуулдаг бол орлого багатай өрхийн тухайд тус мөнгөн дүн 6918 төгрөг байна. 32 дахин өндөр байгаа энэ зөрүү зөвхөн мөнгөн дүн дээр яригдахгүй. Хүүхдийн боломж, эзэмшиж буй мэдлэг, амьдралын чанар, ирээдүй гэхчлэн олон хүчин зүйл энэ хэмжээний ялгаатай байна гэсэн үг.

О.Даваасүрэнгийн "Ардчилал ба ангийн ялгаа" нийтлэлээс 

Гурав. Намуудад нэг данс цөөдөөд байна

МАН-ынхан дотроо талцаж, даргаа тодруулсан сонгуулийн үр дүнг тойрон маргаж байх зуурт нэг чухал сэдэв эл дуулианд дарагдсаныг хүмүүс тэр бүр анзаарсангүй. Тус намын Бага хурал болохоос нэг өдрийн өмнө УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан юм. Үүгээр тэрээр хоёрхон жилийн өмнө шинэчлэн найруулж баталсан хуулийн нэгэн чухал заалтыг үгүйсгэхийг эрмэлзжээ. Уг хуулийн 26.7-д “Нам хуулийн 26.1-д заасан орлогыг зөвхөн нэг банкны дансаар хүлээн авах бөгөөд өөр харилцах данстай байхыг хориглоно” хэмээн заасан. Гэтэл гишүүн ганцхан данстай байхаар санхүүгийн төлбөр тооцоо, мөнгөн гүйлгээ “гацаж”, шат шатны байгууллагын ажил зогсоод байна гэж үзжээ. Үүнээс болоод МАН-ынхан санхүүгийн тайлангаа ил тод тавьж чадахгүйд хүрээд буй юм байх. Гацаж түгжрэх хэмжээний их орлогыг эрх баригч нам олдог, тиймээс л санхүүгийн гүйлгээ нь саатдаг бололтой. Хуулийн төслийг өргөн барих үндэслэлээ тайлбарлахдаа Ж.Алдаржавхлан гишүүн Улс төрийн намын тухай хуулийн хамгийн гол үзэл санааг шүүмжилсэн нь ч анхаарал татав. Тэрээр “УИХ-д суудал бүхий намуудад төрөөс санхүүжилт олгох, ингэхдээ намын бусад орлогын хэмжээнд хязгаарлалт тогтоосон нь үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, санхүүгээ бэхжүүлэх боломжийг хааж байна” гэв.

С.Туулын "Улс төрийн намын тухай хуулийн “амин сүнс”-ийг таслах нь" нийтлэлээс

Дөрөв. Мөнгө угаах гэмт хэргийг мөшгөх зав алга 

Оффшор руу гарсан, гадаад улс руу гарсан хөрөнгүүдийг мөрдөх ёстой. Гэтэл Монголын нийгэмд хамгийн их гардаг ахуйн жижиг хэргүүддээ мөрдөгч нар дарагдаад байна. Тэд завгүй байна. Тэднийг том хэргүүдийн араас явах завгүй байлгах хуулийг цагаан захтнууд нэг талаар баталж өгсөн байна. Өнөөдөр мөнгийг шилжүүлэх, худалдаа хийхэд хэдхэн товч дарж, хэдхэн секундын дотор хувиргана. Харин мөнгөний мөрөөр мөшгихөд цаг хугацаа, хүн хүч, зөвшөөрөл хүсэлт гээд хүндрэл их. Ийм байхад технологийн дэвшил ашиглан гадаад улсаас Монголд мөнгө угааж байгаа хэргүүдийг шалгах ёстой мөрдөгч нарыг ачааллаар дарсан Эрүүгийн хуулийг өөрчлөх ёстой санагдаж байна. Ийм гажгийг засах талаар лав л 2017 оноос хойш шүүх, прокурор, цагдаа, АТГ-ынхан Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандсаар ирж. Харин үүнийг засах ажил өдийг хүртэл хэн нь ч хийсэнгүй.

Г.Улсболдын "Байгаа олоогүй томъёолол: Мөнгө угаалт" нийтлэлээс

Тав. Хүүхэд бол маркетингийн салбарынхны гол бай

“Хүүхдийн биед харшил өгөхгүй”, “Эрүүл, органик”, “Хүүхдэд аюулгүй”, “Веган” зэрэг шошго хүнс, хувцас, хэрэгсэл гээд хүний хэрэгцээний бүхий л бүтээгдэхүүнийг дагалдаж, маркетингийн түрхүүр үгээр нэрлэгдэх болов. Эндээс бизнес, маркетингийн салбарынхны гол бай нь хүүхдүүд болсныг харж болохоор байна. Худалдаа, үйлчилгээний салбарынхан санхүүгийн эрх чөлөөнд хүрээгүй, орлогын эх үүсвэртэй ч болоогүй багачуудад таалагдахыг ийн мэрийх болсон нь тун сонирхолтой өнцөг. Одоогоос хэдэн жилийн өмнө хүүхдүүд ээж, аавынхаа зэхсэн хувцсыг өмсөж, бэлдсэн хоолыг идэж, авч өгсөн тоглоомоор нь л тоглодог байлаа. Харин одоо юу худалдан авч, юу эдэлж, хэрэглэхээ өөрсдөө сонгодог болсон төдийгүй өрхийн худалдан авалтад ч голлох нөлөө үзүүлдэг болжээ. Эцэг, эхчүүд өөрсдийн тав тух, хэрэгцээг бодолцохоос илүү хүүхдэд үзүүлэх нөлөөнд нь тулгуурлан сонголт хийдэг болсон байна. Мөн шинэ үеийн эцэг, эхчүүд хүүхдийнхээ хүсэл сонирхлыг сонсож, тэдний сонголтыг хүндэтгэдэг болжээ. Энэ талаарх судалгааг “MarketingCharts” судалгааны байгууллага хийсэн байна. Судалгаанд хамрагдсан эцэг, эхчүүдийн 90 хувь нь аливаа бараа, бүтээгдэхүүн худалдаж авах шийдвэрт хүүхдүүд голлон нөлөөлдөг гэж хариулжээ. Тэдний 48 хувь нь хүүхдүүд өөрсдийнхөө эдэлж, хэрэглэх зүйлсийг өөрсдөө сонгодог гэж хариулсан бол 36 хувь нь өрхийн худалдан авалт, эцэг, эхийн шийдвэрт ч багачууд нөлөөлдөг гэж мэдэгдсэн байна. Дэлгэрүүлбэл, хоол, хүнс, аялал, зугаалга, гэр бүлийн алжаал тайлах үйлчилгээ, гэрийн тавилга, хэрэгсэл төдийгүй томчуудын хувцаслалтад хүртэл хүүхдийн байр суурийг харгалзах нь түгээмэл аж.

Д.Сүрэнгийн "Бяцхан худалдан авагч ба том тоглогч" нийтлэлээс

Зургаа. Статистик бол толь

“Нэг хүний үхэл бол эмгэнэл.10 хүний үхэл бол статистик” гэдэг үг бий. Яг үүн шиг цахилгаан скүүтер, мопедын осол аваар сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Тодруулбал, улсын хэмжээнд 2022-2024 оны хооронд эдгээр тээврийн хэрэгслээс үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ. Жил бүр бүртгэгдсэн тохиолдлыг харвал, 2022 онд нийт 50 тохиолдол бүртгэгдсэн бол 2023 онд энэ тоо 305 болж өсчээ. Түүнчлэн 2024 оны байдлаар 532 болж, өмнөх оноос 74.4 хувиар нэмэгджээ. Тус онд дээрх шалтгааны улмаас гурван хүн амиа алдсан байна. 2024 оны тоон үзүүлэлтээс харахад эдгээр ослын 93 хувь буюу 495 тохиолдол нийслэлд бүртгэсэн бөгөөд 91.2 хувь буюу 485 иргэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд (ГССҮТ) хандсан байна. Осолд орсон хүмүүсийн 67.1 хувь нь буюу 357 нь эрэгтэй, 32.9 хувь буюу 175 нь эмэгтэй байсан бөгөөд эрэгтэйчүүдийн дунд 15-19 нас, эмэгтэйчүүдийн дунд 5-9 насныхан хамгийн их өртжээ.

Харин 2025 оны эхний зургаан сарын байдлаар дугуй, цахилгаан дугуй, скүүтер, мотоцикл, мопед гэх мэт тээврийн хэрэгслээс үүдэлтэй 3146 осол гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онуудтай харьцуулахад зургаа дахин өсжээ. Энэ тоо бол асуудал хэр хэмжээнд хурцлагдмал байгааг илтгэж буй статистик юм.

И.Сарангоогийн "Амар тайван алхах эрхийг минь өгөөч" нийтлэлээс 

Долоо. Жижиг улсын том нөлөө

XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт хүчирхэг тоглогчид дэлхий дахины геополитикийн дүрмийг зохиодог мэт боловч үнэндээ жижиг улсуудын ухаалаг дипломат бодлого энэ дүрмийн нууц түлхүүрийг өөрчилж чадахыг Катар улсын жишээ бэлхнээ харуулж буй.

Ердөө 50 жилийн өмнө Британийн эзэмшлээс гарч газрын тос, байгалийн хийн экспортоор баялагтаа эзэн суусан жижиг улс өнөөдөр дэлхийн хамгийн ээдрээтэй асуудлуудын ард нэр нь бичигддэг, олон улсын маргаанд эвлэрүүлэгчийн дүрээр нэрээ дуурьсгах боллоо. 2022 онд хөлбөмбөгийн ДАШТ-ийг амжилттай зохион байгуулснаар дэлхий дахинд нэр хүндээ өсгөсөн “Катарын IPO” дараагийн шатанд геополитикийн өрөг дээр үргэлжилнэ.

Тусгаар тогтноод ердөө 54 жил болж буй Катарын хүн ам гуравхан сая. Тэдгээрийн 13 хувь нь уугуул үндэстэн бол үлдсэн нь голдуу Арабын ертөнц, Энэтхэгийн хойг болон Филиппинээс ирсэн цагаач ажилчид.

Исламын ертөнц ба өрнөдийн зааг дээр оршдог Катар том гүрнүүдийн алинд ч илт тал засахгүй, төвийг сахих бодлого барьснаар мөргөлдөөнд оролцож буй талуудад итгэл төрүүлдэг. Нөгөө талаар Катар бол баян атлаа ядуу хүний сэтгэлгээг тээсэн улс, хүчирхэг атлаа сул орны болгоомжлолыг хадгалсан орон. Тогтворгүй бүс нутагт орших жижиг улсын хувьд Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Ираны сүр хүчээс эмээх нь ч аргагүй биз.

С.Лхагвасүрэнгийн "Энхийн төлөө IPO" нийтлэлээс

Найм. Өдөр тутмын хэрэглээ ба бичил хуванцар

Эрдэмтдийн тооцоолсноор хүн жилд дунджаар таван грамм орчим бичил хуванцар биедээ шингээдэг бөгөөд энэ нь нэгэн жижиг кредит картын жинтэй тэнцэх хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, бид жил бүр өөрийн мэдэлгүйгээр кредит карт идэж буй мэт хэмжээний бичил хуванцар биедээ хуримтлуулж байдаг байна.

Бичил хуванцар зөвхөн хүнсний савлагаанаас бус, бидний ууж буй ус, амьсгалж буй агаар, идэж буй загас, далайн гаралтай бүтээгдэхүүн, бүр өмсөж буй полиэстер хувцаснаас ч ялгарч хүний биед шингэдэг байна. Улмаар эдгээр бичил ширхэгүүд хүний биед хуримтлагдсанаар зүрх судас, хоол боловсруулах эрхтэн, дархлаа зэрэг олон системд нөлөөлдөг аж. Жишээлбэл, бичил хуванцар хоол боловсруулах замд хуримтлагдсанаар гэдэсний бактерийн тэнцвэрт нөлөөлж, үрэвсэл үүсгэх эрсдэлтэй ажээ. Мөн зарим судалгаагаар бичил хуванцар цусны судсаар дамжин эд эсэд хуримтлагдсанаар дархлаа суларч, стресс болон эмгэгийн хариу урвалыг нэмэгдүүлэх магадлалтай гэж үзжээ.

И.Сарангоогийн "Үл үзэгдэгч аюул" нийтлэлээс

Ес. “Монголын тал нутаг” дуу төрсөн түүх

“Дүүжүү алсаас ирээд

Дүүрэн амьсгаа авахад минь

Мөнхийн уснаас амсах шиг

Цээж цэлмэн уужраад

Ямар цэнгэг юм бэ

Монголын ариун агаар

Яасан цэлмэг юм бэ

Монголын хөх тэнгэр…” хэмээх уран тансаг үгтэй, аялгуулаг сайхан дууг монголчууд бүгд мэддэг ч энэ дуу хэрхэн төрснийг тэр бүр мэдэхгүй. Энэхүү дууны шүлгийг Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч З.Түмэнжаргал бичиж, аялгууг нь Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн нэрт зохиолч Б.Шарав хийсэн. Гэхдээ энэ сайхан дууны ард бас нэгэн эрхэм бий. Энэ бол Япон улсын иргэн, дуучин Окуяама Юми. Тэрээр Монголд анх ирээд ер бусын таатай мэдрэмж авч, энэхүү мэдрэмжээ дуу болгохоор “Ийм утга санаатай дуу хийлгэх хүсэлтэй байна” гэдгээ хөгжмийн зохиолч Б.Шаравт хэлжээ. Энэ түүхийг сонссон хүн “Монголын тал нутаг” дууны үгийг бичихдээ Монгол орныг гаднаас нь харж, дүгнэж бичсэн болохыг ойлгоно. Дууны үгийн утга санааг яг ийм. Хэрэв Япон улсын иргэн, дуучин Окуяама Юми Монголд ирээгүй бол монголчуудын дуртай ийм сайхан дуу төрөхгүй байж. “Өөрөө дуулж олон нийтэд хүргэж чадаагүй ч би Монголд ирээгүй бол ийм гоё дуу төрөхгүй байсан даа гэж өөрөөрөө бахархдаг” хэмээн ярих дуучин бүсгүй Окуяама Юмитэй ярицлаа. Тэрээр одоо “СИТИ” Их сургуулийн Урлагийн сургуульд Дуулах ур зүйн багшаар ажиллаж байна.

С.Шийлэгтөмөрийн бэлтгэсэн "Окуяама Юми: “Монголын тал нутаг” дууны утга санаа бол миний Монголд ирээд авсан анхны сэтгэгдэл" ярилцлагаас