УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр “Цаашид цахим мөрийтэй тоглоом тоглох, зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх, зуучлах, бүх төрлийн хэлбэрээр сурталчлах, тоглохыг уриалах, ивээн тэтгэх зэрэг үйл ажиллагааг бүхэлд нь хориглож байна.
Энэ хууль батлагдсантай холбоотойгор Монгол Улс технологийн хувьд бэлэн байдлаа хангах хэрэгтэй байна. Өнөөдрийн байдлаар хууль хяналтын байгууллага болон банк санхүүгийн байгууллагууд мөрийтэй тоглоомд хязгаарлалт хийх бололцоо бүрдлээ. Ингэснээр иргэдийн мөрийтэй тоглоом тоглох үзүүлэлт 60 хувиар буурна гэдгийг хуулийн төслийн багийнхан хэлсэн. Технологийн хувьд бүрэн байдал хангуулбал VPN ашиглаж, хууль бус аргаар тоглох оролдлого хийсэн бол түүнийг илрүүлэх, илрүүлсэн бол Зөрчлийн тухай хуулиар хуулийн хариуцлага тооцно.
Манай улс өнөөдрийн байдлаар мөрийтэй тоглоом тоглоход бэлэн биш байна. Тиймээс энэ удаагийн хуулиар бүгдийг нь хориглож байна. Цаашид морин тойруулга, сугалаа, төлбөрт таавар эсвэл спорт дээр зөвшөөрөл олгоно гэвэл бие даасан хуультай болгоно.
Мөн тэрээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох эсэхтэй холбоотой асуултад “Лхагва гарагт Засгийн газар хуралдах байх гэж бодож байна. Ерөнхий сайд Монголд байлгүй яах вэ, ажлаа хийж байна. Сайд нар чуулганд оролцоод жилийн төлөвлөгөөгөө хэлэлцэж байна. Төрийн ажил тогтвортой л явах ёстой” гэсэн юм.