
Холливудын залуу жүжигчин Роберт Паттинсон, Зендея нарын хамтран тоглосон романтик, бараан комеди төрлийн "The Drama" кино Лос-Анжелес хотод нээлтээ хийжээ.
Норвегийн найруулагч Кристоффер Борглигийн зохиолыг нь бичиж, найруулсан тус бүтээлийн гол дүрд нь Зендея, Роберт Паттинсон нар ажилласан бол туслах дүрийг Мамуду Ати, Алана Хаим, Хэйли Гэйтс, Зоү Винтерс нар бүтээжээ. Уг кинонд залуу хосууд хуримынхаа өмнөх өдөр бие биеийнхээ нууцыг мэдсэнээр үйл явдал нь өрнөдөг байна.
Сүйт бүсгүйн дүрийг дэлгэцнээ амилуулсан Зендея шинэ киноныхоо нээлтэд 2015 оны Оскарын наадамд өмссөн даашинзаараа гоёжээ. Ирэх есдүгээр сард 30 нас хүрэх жүжигчин бүсгүй энэ жил олон төсөлд ажиллаж буй. Түүнийг алдрын оргилд хүргэсэн HBO телевизийн “Euphoria” цувралын төгсгөлийн буюу гуравдугаар бүлгийн нээлт дөрөвдүгээр сарын 12-нд болох юм.
"The Drama" кино нь дөрөвдүгээр сарын 3-наас олны хүртээл болох юм.