
Өвлийн олимпын наадмын спортын төрлүүдээс хүйс харгалзахгүйгээр хүмүүс хамгийн их сонирхож анхаардаг нь уран гулгалт. “Пёнчан-2018”, “Бээжин-2022” олимпын XXIII, XXIV наадам болон “Ганвон-2024” залуучуудын өвлийн олимпын IV наадам Ази тивд дараалан болсон нь уран гулгалт сонирхогчдын тоог эрс нэмжээ. Өвлийн олимпын наадмаас гадна залуучуудын олимп ч Азид болж мөсөн талбайд дэлхийн шинэ одод төрөн гарсан. Тэдний дунд Япон, БНСУ, БНХАУ зэрэг улс уран гулгагчдын дараагийн үеэ харуулж эхэлсэн билээ. Манай улсаас “Харбин-2025” Азийн өвлийн IX наадамд анх удаа хоёр уран гулгагч оролцсон нь энэ оны онцлох үйл явдлын нэг болж үлдэв. Энэ наадамд уран гулгалтаар дэлхийн оюутны Универсиад наадамд анхлан оролцсон Г.Марал-Эрдэнэ болон залуу уран гулгагч О.Мишээл нар тивийн шилдгүүдтэй өрсөлдсөн. Ингэснээр манай уран гулгагчид Азийн наадам цаашлаад цуврал тэмцээнд оролцох боломжтойг харуулсан юм. Олон улсын цуврал тэмцээнд Монголын охид гулгаж, цаашлаад бид 2030 оны өвлийн олимпын наадамд эрх авахыг ч үгүйсгэхгүй. Одоогоор манай уран гулгагчид олимпын наадамд өрсөлдөх хэмжээнд болоогүй ч залуу үеийн төлөөлөл бэлтгэгдсээр байна.
Залуу тамирчин О.Мишээл “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадамд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 25 тамирчнаас 19 дүгээр байр эзэлсэн. Энэ нь түүний анхны олон улсын тэмцээн байв. Үүний дараа О.Мишээл Тайланд улсад болсон “Thailand Open Figure Skating trophy-2025” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон. Тэрээр ийнхүү олон улсын мөсөн тайзанд үзүүлбэрээ үзүүлснээс бус монголчууддаа, эх орондоо үзүүлээгүй байсан юм. Харин уран гулгалт өндөр хөгжсөн ОХУ-аас олимп, дэлхийн аваргууд Монгол Улсад зочилж “Дэлхийн одод Монголд” шоу тоглолт зохион байгуулсан нь О.Мишээлд өөрийн ур чадварыг дотоодын үзэгчдэд харуулах боломжийг нээсэн юм. Тэрээр уг шоунд “Пёнчан 2018” өвлийн олимпын XXIII наадмын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Евгения Медведева нарын олимп, дэлхийн алдартай тамирчид хамт оролцсон билээ.
Олон улсад эх орноо төлөөлөх болсон залуу уран гулгагч О.Мишээл энэ жил 18 настай. Түүний дасгалжуулагчаар Япон улсын мэргэжилтэн Тэцукацү Накашима ажилладаг. АНУ-д төрсөн ч 2020 онд аав, ээжийгээ даган эх орондоо суурин амьдрах болсон О.Мишээл Г.Марал-Эрдэнийн залгамж болон мөсөн талбайд гялалзаж байна. Түүний хувьд энэ намраас Канад улсад бэлтгэл сургуулилтаа хийж, дээд сургуульд суралцаж эхэлжээ.
Ц.Нарангэрэл Бид уран гулгалтаар Универсиад болон Азийн наадамд оролцож чадлаа
О.Мишээлийн араас М.Цэлмэг зэрэг бяцхан охид мөсөн талбайд гулгаж байгааг Монголын тэшүүрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл онцлон хэллээ. Тэрээр Монголд уран гулгалтын дасгалжуулагч байхгүй ч гэсэн Япон улсад бэлтгэгдсэн Г.Марал-Эрдэнийн араас олон гулгагч охид гарч ирж байгааг дуулгасан юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
2026 оны өвлийн олимп дөхсөн энэ үед Олон улсын тэшүүрийн холбооны цуврал тэмцээнүүд үргэлжлэн явагдаж байна. Уран гулгалтын цуврал тэмцээнд манай тамирчид оролцох боломж байгаа юу?
Сүүлийн жилүүдэд уран гулгалтын цуврал тэмцээнүүд олон зохиогдож байна. Бид энэ жил “Харбин-2025” Азийн наадмын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хоёр тамирчин оролцуулж чадсан. Мэдээж залуу тамирчдыг дэмжих, тэднийг авьяасыг хөгжүүлэх гээд шат дараалсан хийх ажлууд их байна. 2026 оны олимп дөхсөн энэ үед Олон улсын тэшүүрийн холбооны цуврал тэмцээнүүд болсоор байгаа. Манай уран гулгагчдаас О.Мишээл олон улсын тэмцээнд оролцох боломжтой. Түүний хувьд дөрвөн тивийн аварга шалгаруулах тэмцээнд орох боломж байсан. Олон улсын тэмцээнд ороход тодорхой хэмжээний шаардлагыг биелүүлсэн байх учиртай. Манай залуу тамирчны хувьд энэ жилийн тэмцээнээ дуусгасан. О.Мишээл Канад улсад их сургуульд суралцахаар болсон. Түүний хувьд бэлтгэл сургуулилтаа хийх, шинэ орчиндоо дасах гээд тодорхой хугацааны дараа тэмцээн уралдаанд оролцоно. Бидэнд олон улсын тэмцээнд оролцох боломжууд нээгдэж байна. Энэ тал дээр холбооны зүгээс болон тухайн тамирчны хувьд бүх боломжоо дайчилж байгаа.

-Монголын уран гулгагч Г.МаралЭрдэнийн араас О.Мишээл гарч ирлээ. Яг үүн шиг цаашид илүү олон тамирчид бэлтгэгдэн гарч ирэх боломж их гэж харж байгаа юу?
Уран гулгалтаар эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцох эхлэлийг Г.Марал-Эрдэнэ маш сайн тавьж өгсөн. Түүний хувьд оюутны Универсиад наадамд эх орноо төлөөлөн анхлан оролцсон. Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа ордог дэлхийн оюутны Универсиад наадам бол том өрсөлдөөнийг нээж, залуу тамирчдыг гаргаж ирдэг. Тиймээс манай уран гулгагч уг наадамд орно гэдэг бидэнд боломж байгааг харуулсаар байна. Бид уран гулгалтаар Универсиад болон Азийн наадамд оролцож чадлаа. Одоо залуу уран гулгагчид гарч ирж байна. Найм, 10, 11 настай охид мөсөн талбайд гарч уран гулгалтаар хичээллэх сонирхол их боллоо. Манай охидоос энэ жил М.Цэлмэг “All Osaka” тэмцээнд долоодугаар байр эзэлсэн гээд амжилтууд бичигдэж эхэлсэн. Одоо гулгаж байгаа охид гадаадад бэлтгэл сургуулилт хийж байна. Залуу тамирчдыг дэмжих олон улсын төсөл хөтөлбөр, Монголын олимпын хорооны тусламжтайгаар БНСУ, БНХАУ зэрэг улсад урт, богино хугацааны бэлтгэлд гаргаж байна. О.Мишээл Олон улсын тэшүүрийн холбооны тэтгэлэгт хамрагдаж чадсан. Бидний дараагийн үе илүү олуулаа болж гарч ирнэ гэж харж байна. Уран гулгалтыг сонгож буй охидын ард гэр бүлийн маш том дэмжлэг байдаг. Охидын амжилтууд бага багаар ахисаар байна. Мэдээж эцэг, эхийн оролцоо маш чухал учраас олон талын дэмжлэгийг бид авч байж эхлүүлсэн амжилтаа ахиулна. Монголын охид илүү сайн амжилт гаргана гэдэгт итгэлтэй байдаг. Энэ нь сүүлийн жилүүдэд Монголд болон гадаад улс оронд амьдарч бэлтгэл сургуулилтаа хийж буй охидын амжилтаас харагдана.
-Монгол Улсад уран гулгалтын спортыг дагнан хичээллэх клуб байдаггүй. Тиймээс тамирчид АНУ, Япон, БНСУ зэрэг улсад бэлтгэл сургуулилтаа хийж байна. Цаашид дотооддоо хичээллэх клубтэй болох боломж бий юү?
Нэг үеэ бодвол бидэнд ахиц гарч байна. “Степпе Арена” мөсөн талбай бүхий ордонтой боллоо. Энэ ордонд байнгын уран гулгалтын бэлтгэл хийх боломжгүй. Цөөн цагаар ч болов гулгах нөхцөл байдал гарч байгаа нь давуу тал. “Степпе арена” мөсөн ордонд ОХУын уран гулгагчид ирж уран гулгалтыг гайхамшигийг үзүүлж эхэлсэн. Энэ бол манай залуу тамирчдад маш том урам зориг болж байна. Мөн Чингэлтэй дүүрэгт мөсөн гулгуур бий. Манай улсад уран гулгалтын дасгалжуулагч байдаггүй. Тиймээс тамирчин болохыг зорьж буй залуус гадаадад бэлтгэл сургуулилтаа хийж байж сайжирна.
-Танай холбоо “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадамд Монголын баг хэрхэн оролцлоо гэж дүгнэсэн бэ?
2025 оны холбооны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу олон амжилт шинээр бичигдсэн. Анх удаа бид Азийн наадамд уран гулгалт, шорт трек, гүйлтийн тэшүүрээр оролцлоо. БНХАУ-ын Харбин хотод болсон Азийн наадамд Монголын тэшүүрийн холбоонд харьяалалтай төрлүүд бүгд оролцож чадсан. Мөн анх удаа хоёр уран гулгагч тивийнхээ шилгүүдтэй өрсөлдөж, анхдагч нь байж чадлаа. Олимп, дэлхийн аваргын медальт тамирчид Азийн наадамд оролцсон гээд үзэх, туршлага хуримтлуулах олон боломж нээгдсэн. Г.Марал-Эрдэнэ Япон улсад докторантаар суралцаж байгаа ч тамирчны хувиар тивийнхээ наадамд өрсөлдлөө. Түүний хувьд уран гулгалтын дасгалжуулагчийн ажлыг давхар хийхийн хажуугаар олон улсад эх орноо төлөөлөн гулгаж яваад нь холбооны зүгээс талархаж байгаа. Мөн залуу тамирчин О.Мишээл анх удаа тивийн том тэмцээнд оролцсон гээд Харбины наадамд бид сэтгэл хангалуун байгаа. Мэдээж тивийн тэмцээнд явахад төр засгийн дэмжлэг байж бид амжилтаа ахиулах учиртай. Энэ жилийн Азийн наадамд Монголын олимпын хороо болон Засгийн газраас дэмжин оролцсонд талархаж байна. Ирэх онд болох цуврал тэмцээнүүд болон дараагийн Азийн наадмын бэлтгэл ажил биднийг хүлээж байна.