
2025 оны арваннэгдүгээр сард Токиод болсон Deaflympics наадамд туршсан шинэ технологиуд спортын уур амьсгалыг мэдрэх цоо шинэ арга замыг нээж байна.
Амьд спортыг үзэхэд тоглолтын өрнөлөөс гадна “уур амьсгал болсон” харагдах байдал, үнэр, дуу чимээ чухал үүрэгтэй. Харин Токиогийн Deaflympics дээр дуу чимээг сонсохоос гадна харах, мэдрэх, бүр тэврэх боломжтой болгожээ.
Зуу гаруй жилийн түүхтэй Deaflympics нь сонсголгүй тамирчдын дээд түвшний тэмцээн төдийгүй хүртээмжтэй технологийн туршилтын чухал талбар болжээ. Инженерүүд, зохион бүтээгчид болон сонсголгүй хэрэглэгчид хамтран спортын туршлагыг шинээр тодорхойлж байна.
Дууг харах нь
Ширээний теннисний тэмцээний үеэр дэлгэц дээр бөмбөг цохих агшныг илэрхийлэх том хэмжээний япон авиаг дуурайсан үгс (ономатопея) гарч ирнэ. Ингэснээр цохилтын хүч, хурд, тоглолтын эрчийг харааны хэлбэрээр илэрхийлж байна. Японд манга болон хэвлэл мэдээлэлд өргөн хэрэглэгддэг ономатопея нь хүртээмжийн хэрэгсэл болж хувирчээ.

Фүжицү компанийн хөгжүүлсэн систем галт тэрэгний буудлын зарлал, анхааруулах дохио, орчны чимээг ангилан текст болон дохионы хэл болгон хөрвүүлдэг. Энэ төхөөрөмжийг сонсголгүй хүүхдүүдтэй хамтран зохион бүтээсэн байдаг.
Токиогийн Будоканд болсон жүдогийн тэмцээний үеэр үзэгчид Hapbeat компанийн чичиргээ үүсгэгч төхөөрөмж зүүж, дэвжээн дээрх хөдөлгөөн, шидэлтийн хүчийг биедээ мэдэрч байв. Хөлийн хөдөлгөөн зөөлөн чичиргээгээр, мөргөлдөөн хүчтэй чичиргээ бол харин шидэлт гүн доргилтоор илэрхийлэгдэнэ. Энэ нь тэмцээний эхлэл, төгсгөлийг ч мэдэгддэг бөгөөд сонсголгүй үзэгчдэд “бодит орчинд байгаа” мэдрэмж төрүүлжээ.
Дууг тэврэх нь
Pixie Dust Technologies компанийн “Sound Hug” төхөөрөмж нь бөмбөрцөг хэлбэртэй бөгөөд хөгжмийн хэмнэл, өнгийг гэрэл болон чичиргээгээр илэрхийлдэг.

Deaflympics нь хүртээмжийг дараа нь нэмэх бус, эхнээс нь төлөвлөхөд ямар өөрчлөлт гарч болохыг харуулж байна. Сонсголгүй хүмүүс дизайны ертөнцийг тэргүүлэхэд дуу чимээ харагддаг, мэдрэгддэг, хамтын туршлага болдог гэдгийг энэ гайхамшигт бүтээл харуулжээ.
Энд спортын ирээдүй чимээгүй биш харин илүү амьд, илүү хүртээмжтэй болж байна.