
Нийслэлийн хэмжээнд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хяналт шалгалтыг эхлүүлжээ.
Энэ хүрээнд 2026 оны зургаадугаар сарын 25-наас наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зорчиж буй тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийж байна.
Мөн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малыг гаргах, хүнсний зах, худалдааны төв, мал төхөөрөх болон мах боловсруулах үйлдвэрүүдэд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, тандалт шинжилгээг зохион байгуулж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж.
Түүнчлэн Баянзүрх дүүрэгт холбогдох байгууллагууд хамтран дүүргийн нутаг дэвсгэрт мал худалдан борлуулж буй иргэдэд шаардлага хүргүүлж, мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малыг гаргах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.