
Их Британийн Лондон хотод еврейчүүдийн нийгэмлэгийн түргэн тусламжийн байгууллагад харьяалагддаг дөрвөн автомашинд гал тавьсан хэрэг гарчээ. Уг хэргийг антисемит үзэн ядалтын гэмт хэрэг байж болзошгүй гэж Метрополитан цагдаагийн алба мэдэгдлээ.
Хацолах (Hatzolah) байгууллагын дөрвөн түргэн тусламжийн машинд гал гарсныг Лондонгийн гал унтраах албаныхан Голдерс Грин дүүргийн Хайфийлд Корт орчимд өглөөний 01:40 цагийн үед дуудлага авч очихдоо илрүүлсэн байна. “Бид одоогоор хяналтын камерын бичлэг болон цахим орчинд тарсан бичлэгүүдийг мөн судалж байна. Энэ шатанд гурван сэжигтнийг эрэн хайж байгаа” хэмээн тухайн бүсийн цагдаагийн удирдагч Сара Жэксон мэдэгдэв.
Ойролцоох оршин суугчдыг урьдчилан сэргийлэх зорилгоор нүүлгэн шилжүүлж, замуудыг түр хугацаанд хаасан байна. Цагдаагийн мэдээлснээр хүний амь нас эрсдээгүй бөгөөд галуудыг бүрэн унтраасан байна. Гал унтраах албанаас мэдээлснээр автомашинуудад байсан олон тооны хүчилтөрөгчийн цилиндр дэлбэрч, ойролцоох орон сууцны цонх хагарахад хүрчээ. Гал 03:06 цагт бүрэн хяналтад орсон байна.
Хацолах нь еврей иргэдэд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, эмнэлэгт үнэ төлбөргүй хүргэж өгдөг сайн дурын, ашгийн бус томоохон байгууллага юм. Тус байгууллага 1979 оноос хойш еврей хүн ам олонтой Голдерс Грин дүүрэгт үйл ажиллагаа явуулж иржээ.
Сара Жэксон “Энэ хэрэг орон нутгийн иргэдийн дунд ихээхэн түгшүүр төрүүлж байгааг бид ойлгож байна. Цагдаагийн алба хаагчид газар дээр нь ажиллаж, яаралтай мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэж хэлсэн байна.
Одоогоор хэн ч баривчлагдаагүй байгаа бөгөөд хэрэгт холбоотой мэдээлэлтэй иргэдийг цагдаад хандахыг уриалжээ. Мөн цагдаа нар шашны удирдагчидтай хамтран ажиллаж, тухайн бүсэд нэмэлт эргүүл хийж байгаа аж.