Энэхүү төв нь эрсдэлийг урьдчилан илрүүлж, эрт сэрэмжлүүлэх, болзошгүй аюулыг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэн, салбар хоорондын уялдаа холбоог хангах зорилготой юм. Тус төвийн үйл ажиллагааг энэ оны тавдугаар сараас эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна.
Дэлхийн улс орнууд ийм тогтолцоог эрүүл мэндийн салбарынхаа гол үндэс болгодог. АНУ-ын CDC, БНСУ-ын KDCA, Европын ECDC, Сингапурын CDC зэрэг байгууллага 24 цагийн турш тандалт, судалгаа, эрсдэлийн үнэлгээг гүйцэтгэж, үндэсний аюулгүй байдлын түвшинд ажиллаж байна.
Манай улсын хувьд нийгмийн эрүүл мэндийн чиг үүрэг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв зэрэг байгууллагад хэрэгжиж ирсэн нь уялдаа холбоо, нэгдсэн удирдлагын хувьд сул тал дагуулж байсан. Шинээр байгуулах үндэсний төв нь эдгээр байгууллагын нийгмийн эрүүл мэндийн чиг үүргийг нэг удирдлагад төвлөрүүлж, зохион байгуулалтын цогц шинэчлэлийг хэрэгжүүлэх юм.