
Австрали улс гадаадын оюутнуудыг суралцах хугацаандаа эхнэр нөхөр, хамтран амьдрагч болон хүүхдээ дагуулан ирэхийг зогсоож, түр хугацааны цагаачдад визийн төрлөө өөрчлөх журамд илүү хатуу хязгаарлалт тавихаар төлөвлөж байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ.
Австралийн цэвэр гадаад шилжилт хөдөлгөөний тоог одоогийн тоо болох 300 000-аас 2028 он гэхэд 225 000 болгон бууруулна гэж Дотоод хэргийн сайд Тони Бёрк мэдэгдсэн талаар ABC News мэдээлжээ.
Одоогийн журмаар олон улсын оюутнуудын эхнэр, нөхөр болон хамтран амьдрагчид Австралид ажиллах эрхтэй байдаг ч ажиллах цагийн дээд хязгаар нь тухайн оюутны суралцаж буй сургалтын хөтөлбөрөөс хамаардаг. Мөн оюутан 18-аас доош насны асран хамгаалах хүүхдүүдээ дагуулан ирэх боломжтой.
Засгийн газрын энэ шийдвэр нь сүүлийн үеийн санал асуулгад дэмжлэг нь эрчимтэй өсөж буй, барууны чиглэлийн One Nation нам түр хугацааны цагаачдын тоог гурван жилийн хугацаанд 750 000-аар бууруулж, Австраличуудад “амьсгаа авах зай” олгоно гэж энэ долоо хоногт мэдэгдсэнтэй холбоотойгоор гарч байна.
Өөрсдийн бодлогын чиглэлийг “Australia first” буюу “Австрали нэгдүгээрт” хэмээн тодорхойлдог One Nation намын бодлогыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бодлоготой харьцуулдаг. Тус нам эхний гурван жилийн хугацааны дараа цэвэр гадаад шилжилт хөдөлгөөнийг 130 000 хүртэл хязгаарлах зорилт тавьж, уг хөтөлбөрийг жил бүр хянан үзэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.
Олон улсын оюутнууд, үүргэвчтэй аялагчид болон түр хугацааны мэргэшсэн ажилчдаас ихээхэн хамаардаг Австралийн цагаачдын урсгал тус улс бараг хоёр жил үргэлжилсэн Ковид-19-ийн хязгаарлалтаа цуцалж, 2022 оны хоёрдугаар сард хилээ нээсний дараа огцом өссөн байна.
Гэсэн хэдий ч сүүлийн хоёр жилд энэ тоо буурах хандлагатай байгаа юм. Үүний зэрэгцээ цагаачдын их хэмжээний урсгал нь орон сууц, дэд бүтцэд үзүүлэх дарамтыг нэмэгдүүлж, нийгмийн эв нэгдэлд сөргөөр нөлөөлж байна гэж шүүмжлэгчид үзэж байна.
Албан ёсны мэдээллээр 2025 оны зургадугаар сарын 30-нд дууссан нэг жилийн хугацаанд Австралийн цэвэр гадаад шилжилт хөдөлгөөн 306 000 байсны талаас илүү хувийг олон улсын оюутнууд эзэлжээ.
Цэвэр шилжилт хөдөлгөөн 2024 онд 429 000, харин 2023 онд 518 000 болж дээд хэмжээндээ хүрсэн байна.