
Далайн тээврийн албаны эх сурвалж болон Ройтерс агентлагийн мэдээлснээр, Ормузын хоолой орчимд өнгөрсөн 24 цагийн хугацаанд чингэлэг тээврийн хоёр хөлөг онгоц халдлагад өртжээ. Сүүлийн 10 хоногт уг усан замын орчимд халдлага эрс нэмэгдсэн. АНУ-аас Ираны боомтуудад хориг тавьж, өнгөрсөн сард хатуу хориг арга хэмжээ авсантай холбогдуулан Исламын Бүгд найрамдах улс байлдааны ажиллагааг эрчимжүүлж байгаагаа мэдэгдсэн юм.
Далайн аюулгүй байдлын эх сурвалжийн мэдээллээр Сингапурын далбаа бүхий, 2824 чингэлэг тээвэрлэх хүчин чадалтай "GFS Pride" хөлөг онгоц хоолойг гатлах үедээ живсэн байна. Сингапурын Далайн боомтын газраас лхагва гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар хөлөг онгоцонд гал гарч, эвдэрсний улмаас живсэн бөгөөд багийн 21 гишүүнийг эсэн мэнд нүүлгэн шилжүүлжээ.
Үүний зэрэгцээ Антигуа ба Барбудагийн далбаа бүхий "Cape Dao" хуурай ачааны хөлөг онгоц мөн Ормузын хоолойн ойролцоо живсэн болохыг НҮБ-ын Олон улсын далайн байгууллага баталлаа. Уг хөлөг онгоц есдүгээр сарын 23-нд мөн пуужингийн цохилтод өртөж байсан юм. Халдлагын дараа багийн гишүүдийн яаралтай нүүлгэн шилжүүлсэн ч нэг хүн амиа алдсан байна.
Ираны халдлага ийнхүү эрчимжсэн нь АНУ-ын завсрын сонгуулиас өмнө хөлөг онгоцнуудад цохилт өгөх чадвартай гэдгээ харуулахыг хүсэж буйг илтгэнэ. Дональд Трамп Ирантай дайн эхлүүлснээс хойш АНУ-д шатахууны үнэ бараг 70 хувиар өссөн тул Бүгд Найрамдах нам сонгуульд ялагдал хүлээж болзошгүй байна.