
Гал морин жилийн сар шинийн өдрүүдээр зам тээврийн ослын улмаас гурван хүн амиа алдаж, 19 хүн, таван хүүхэд гэмтжээ. Мөн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 75 хүнийг зохих журмаар шийтгэсэн байна.
Гурав хоногийн өмнө буюу гал морин жилийн сар шинийн нэгний өдөр Хөвсгөл нуурын хар хил рүү 7 хүн автомашинтайгаа осолдож, хоёр нь эндсэн байна.
Тодруулбал, хоёрдугаар сарын 18-ны үдэш 20:16 цагт Ханх сумаас Ренчинлхүмбэ чиглэлд явсан байсан долоон зорчигчтой УАЗ-Пургон автомашин нуурын хар хил рүү унасан тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Таван иргэн эсэн мэнд гарсан бол нэг том хүн, нэг хүүхэд автомашинтайгаа живж осолджээ.
Иймд иргэн та бүхэн мэргэжлийн байгууллагаас өгч буй анхааруулга, зөвлөмжийг дагаж мөрдөн өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулж цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээр авто тээврийн хэрэгсэлтэй явахгүй байхыг дахин анхаарууллаа.
Мөн ЦУОШГ-ын урьдчилсан мэдээллээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар шороон болон цасан шуурга болж болзошгүй байгаа. Тиймээс харагдах орчин бүдгэрэх эрсдэлтэй тул жолооч, иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй зорчих, автомашиныхаа бүрэн бүтэн байдалд анхаарахыг сануулж байна.