
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний есдүгээр сарын голлох үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Монгол Улс 2026 оны эхний есөн сард дэлхийн 161 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 25.9 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 16.2 тэрбум, импорт 9.7 тэрбум ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 6.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт бараа эргэлт 6.7 тэрбум ам.доллароор, экспорт 5.5 тэрбум, импорт 1.2 тэрбум ам.доллароор өсжээ. Харин гадаад худалдааны тэнцлийн ашиг 4.3 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна.
Экспортын өсөлтөд зэсийн хүдэр, баяжмалын экспорт 3.1 тэрбум ам.доллароор, нүүрсний экспорт хоёр тэрбум ам.доллароор нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Мөн самнасан ноолуур 124.2 сая, боловсруулаагүй болон хагас боловсруулсан алт 104.2 сая, гянтболдын хүдэр, баяжмал 61.8 сая, жоншны хүдэр, баяжмал 58 сая ам.доллароор тус тус өссөн байна.
Харин тунгаасан зэс, хайлшийн экспорт 49.1 сая ам.доллароор, молибдений хүдэр, баяжмал 29.8 сая, хонь, ямааны мах 24.8 сая, адууны мах 9.4 сая ам.доллароор буурчээ.
Импортын өсөлтөд дизелийн түлш 549 сая ам.доллароор нэмэгдсэн нь хамгийн их нөлөө үзүүлсэн байна. Түүнчлэн автобензиний импорт 83.2 сая, бульдозер, экскаватор зэрэг техник 67.2 сая, шинэ дугуй 56.3 сая, хар төмөр бүтэц, эд анги 43.7 сая ам.доллароор өсжээ.
Харин суудлын автомашины импорт 74.4 сая ам.доллароор, ачааны автомашин 46.4 сая, ухаалаг гар утас 14.3 сая ам.доллароор тус тус буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.