
Малайз улс НҮБ болон хүний эрхийн хэдэн арван байгууллагын эсэргүүцлийг үл харгалзан дүрвэгсдийг эх оронд нь буцаах хөтөлбөрийн хүрээнд Мьянмарын 1500 орчим иргэнийг албадан гаргах үйл явцыг өнөөдөр эхлүүллээ.
Энэ нь Мьянмарын талтай тохиролцсон өргөн хүрээний төлөвлөгөөний эхний үе шат юм. Уг төлөвлөгөөний хүрээнд нийт 5000 хүртэлх хүнийг буцаана.
Малайзын эрх баригчид уг хөтөлбөрийг бүрэн сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлж байгаа гэж мэдэгдсэн. Гэвч Мьянмар иргэний дайнтай хэвээр байгаа тул НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлаг болон иргэний нийгмийн байгууллагууд буцаагдаж буй хүмүүсийн аюулгүй байдалд санаа зовниж байна.
Малайзын Перак мужийн Лумут дахь тэнгисийн цэргийн баазын ойролцоох цэнгэлдэх хүрээлэнд аюулгүй байдлын машинууд дагалдсан хэдэн арван автобус иржээ. Улмаар автобусуудыг Мьянмарын тэнгисийн цэргийн хоёр хөлөг болон эмнэлгийн хөлөг онгоц зогссон боомт руу шилжүүлсэн байна. Автобуснуудад хэн зорчиж явсан нь тодорхойгүй байжээ.
Малайзын Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч албадан гаргах үйл явц эхэлснийг баталсан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг тус яамны наймдугаар сарын 27-ны мэдэгдэлд хандахыг зөвлөжээ.
Тус яамны мэдэгдэлд дурдсанаар, эх оронд нь буцаах ажиллагаанд Мьянмарын Засгийн газраас нэрийг нь тогтоосон 1476 иргэн хамрагдаж байгаа аж.
Мьянмарын Гадаад хэргийн яам энэ сард улс орнуудтай хамтран шилжин суурьшсан, дүрвэсэн хүмүүсийг баталгаажуулсны үндсэн дээр аюулгүй, нэр төртэй байдлаар сайн дурын үндсэн дээр буцаах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэж мэдэгдсэн хэмээн төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар (UNHCR) одоогийн нөхцөл байдал нь “Мьянмарын дүрвэгсдийг аюулгүй, тогтвортой байдлаар буцаах боломжийг бүрдүүлэхгүй байна” гэж мэдэгдсэн. Мөн буцаагдах хүмүүсийг сонгон тодорхойлох үйл явцад Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар оролцоогүй гэж мэдээлсэн байна.
Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын мэдээллээр, Малайз улс Мьянмараас ирсэн ойролцоогоор 193,000 дүрвэгчийг хүлээн авч байгаа бөгөөд тэдний гуравны хоёр орчим нь Рохинжа үндэстэн бий.