Израилийн арми Ираны исламын шашин болоод цэрэг армийн удирдагчдыг устгаж, дэглэмийг нь нураах оролдлого хийж байна. Хамгийн чухал нь Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд цөмийн байгууламжууд руу нь дайрч байгаа юм.

Ойрхи Дорнодод нөхцөл байдал ингэж хурцдаад байгаа энэ өдрүүдэд Канад улсын Альберта мужийн Кананаскис хотод Долоогийн бүлгийн улс орнуудын дээд хэмжээний уулзалт боллоо. Энэ уулзалтад оролцож байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ойрхи Дорнодын хямралаас болж Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн хамт нутаг буцсан байна.

Өөрөөр хэлбэл, Трамп дээд хэмжээний уулзалтад оролцоод буцахаар товлосон хугацаанаасаа урьтаж Цагаан ордныг зорьжээ. Трамп явахаасаа өмнө Долоогийн бүлгийн удирдагчдад хандаж Израиль, Ираны хооронд гал зогсоох, энхийн хэлэлцээр байгуулах асуудлаар хэлэлцэх хүсэлт тавьсан байна. Энэ тухай мэдээллийг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон дамжуулжээ.

Трампын хэлснээр хэдийгээр Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоож, Израильтай энхийн хэлэлцээр хийх асуудлыг АНУ чухалд авч үзэх боловч мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ Иранд өгч байгаа Израилийн цохилтод ямар нэгэн байдлаар туслахгүй гэдгээ илэрхийлжээ.

Гэхдээ Ираны нийслэл Тегеран хотын иргэдэд хандаж Трамп өөрийнхөө Truth цахим хуудсаараа дамжуулж хүн нэг бүр Тегераныг орхиж, зугтах хэрэгтэй хэмээн бичсэн байна.

Мөн Трамп Ойрхи Дорнодын хямралыг намжаахад зуучлагчийн үүрэг гүйцэтгэж Ирантай цөмийн хэлэлцээр байгуулахаар Ойрхи Дорнодын орнуудад айлчлах тухай ажлын албатайгаа хэлэлцэж байгаа ажээ.

Израилийн батлан хамгаалах хүчин Ираны оюун санааны удирдагч Аятолла Али Хаменейг устгахаар төлөвлөсөн тухай Израилийн Ерөнхий сайд Беньямин Нэтаньяху мэдээллээ. Энэ төлөвлөгөөнд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хориг тавьсан байна.

Нэтаньяхугийн үзэж байгаагаар хэрвээ оюун санааны удирдагч Аятолла Али Хаменейг устгавал Ираны дэглэм, тогтолцоо тэр даруй нуран унах болно. Тэрээр Ираны Засгийн газрын бүрэлдэхүүн энэ хэд хоногийн дайралтад тодорхой хувиар өөрчлөгдсөн бөгөөд эрх баригчдынх нь бүтэц бүрэлдэхүүн өөрсдийнх нь бодож байгаагаас ч сул дорой гэж мэдэгджээ.

Түүнчлэн Израиль улс Иран руу довтолсноор Ойрхи Дорнодын дүр төрхийг өөрчилж байна гэж Нэтаньяху хэлжээ. Изарилийн арми Иран дахь цэргийн удирдагчдыг дайснуудаа нэг нэгээр нь устгах болно гэж тэрээр сүрдүүлж байна.

Иракийн нийслэл Багдад хотод Ираныг дэмжсэн иргэдийн жагсаал боллоо. Мөн ОХУ Иран улс өөрийгөө хамгаалж Израилийн эсрэг хариу барих эрхтэй гэж үзэж байгааг Оросын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков мэдэгджээ.