
Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах ажлын анхан шатны суурь бэлтгэл, бааз нь байгаль хамгаалагчдын тусламжтай түймэрт өртөөгүй байна.
Тиймээс судлаачдын дүгнэлтээр тахь нутагшуулах төслийг хэвийн үргэлжлэх боломжтой гэж үзжээ. БОУАӨ яам болон Чех улс хамтран тахь нутагшуулах төслийг тогтсон цаг хугацаанд хэвийн үргэлжлүүлэх, дархан цаазат газарт онгоц буух зурвас байгуулах, тахь нутагшуулах газрын ойр орчимд түймрээс хамгаалах ажлыг яаралтай хийх нь зүйтэй гэж үзжээ.
Мөн Чех улсаас манай улсын байгаль орчны салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцсэн байна. Тухайлбал Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Толь булаг хэмээх газарт хавтгай үржүүлэх, хамгаалах төв байгуулах төсөл, ой, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх тухай ажлуудын талаар БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, Чех улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил нар хэлэлцсэн байна.
Монголд 1992 оноос сэргээн нутагшуулсан зэрлэг адуу буюу тахийн тоо толгой одоогоор мянга даваад байгаа. Тухайлбал, Төв аймгийн Хустайн БЦГ-т 400, Говь-Алтай, Ховд аймгийн Говийн Их ДЦГ-т 400, Завхан аймгийн Хомын талын БЦГ-т 100 гаруй тахь байгаа статистик бий.