
Унгарын Будапешт хотод болсон жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний дараа жүдочдын олон улсын чансаа шинэчлэгдлээ. Энэ тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Б.Баасанхүү хүрэл медаль хүртсэн. Тэрээр дэлхийн чансааны оноогоо 660-д хүргэж, жиндээ 53-т жагсаж эхэллээ. Ингэснээр Б.Баасанхүү ирэх аравдугаар сард болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжтой.
Унгарт болсон “Их дуулга” тэмцээнээс Б.Баасанхүү Монголын эмэгтэй багийн цорын ганц медалийг авсан юм. Энэ тэмцээнд Монгол Улсын баг мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртэж, багийн дүнгээр 14-р байрт жагслаа. Будапештийн тэмцээнд 70 орны 530 жүдоч барилдсанаас 29 улс ямар нэгэн медаль хүртлээ.
Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, МУГТ Б.Баасанхүү Парисын олимпын наадмаас хойш түр завсарлага авсан. Тэрээр 2026 оны Улаанбаатарын “Их дуулга”-д барилдаж энэ оны тэмцээнийг эхлүүлсэн юм.
