
ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесусийн мэдэгдсэнээр БНАКУ-ын Итури мужийн эмнэлгийн ойролцоо болсон зэвсэгт мөргөлдөөний улмаас Эболагийн эсрэг хариу арга хэмжээ тасалдаж, эмнэлгийн ажилтнууд болон хүмүүнлэгийн байгууллагын ажилтнууд төрөх тасагт 24 цагаас илүү хугацаанд хоргодохоос өөр аргагүй болсон гэжээ.
“Эболагийн дэгдэлт анх бүртгэгдсэн бүсийн ойролцоох Итури мужийн нэгэн эмнэлгийн орчим өчигдрөөс эхлэн ширүүн тулаан үргэлжилж байна” гэж Тедрос X нийгмийн сүлжээнд бичсэн байна.
“Нөхцөл байдал эмнэлгийн үйл ажиллагаа болон Эболагийн эсрэг хариу арга хэмжээг тасалдуулж, өвчтөнүүд, тэдний гэр бүл, эмнэлгийн ажилтнуудыг ноцтой аюулд оруулж байна” гэж тэрбээр мэдэгджээ.
Эмнэлгийн ажилтнууд амь насаа хамгаалахын тулд тус эмнэлгийн төрөх тасагт 24 цагаас илүү хугацаанд хоргодож байгаа бөгөөд ДЭМБ тэднийг аюулгүй гаргах, мөн эмнэлгийн барилга байгууламж, ажилтнууд болон өвчтөнүүдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч байгааг Тедрос онцолсон байна.
“Хамгийн сайн эм бол энх тайван” гэж тэрбээр нэмж хэлжээ.
ДЭМБ-ын арваннэгдүгээр сарын 17-ны байдлаарх мэдээллээр БНАКУ-д Эбола вирусийн халдварын 11 613 тохиолдол бүртгэгдэж, 5678 хүн нас баржээ. Энэ нь тус улсын түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй, хамгийн олон хүний аминд хүрсэн Эболагийн дэгдэлтэд тооцогдож буй.
ДЭМБ бямба гарагт гаргасан мэдэгдэлдээ, “зарим бүс нутагт халдварын тохиолдол бага зэрэг буурсан боловч улсын хэмжээнд халдварлалт өндөр түвшинд, тогтвортой үргэлжилж байгааг дурджээ. БНАКУ-ын зүүн хэсэгт орших Итури болон Хойд Киву мужууд халдварын хамгийн их тархалттай бүс хэвээр байгаа юм.
Биеийн шингэнтэй шууд харьцах замаар халдварладаг уг вирус БНАКУ-ын зүүн болон зүүн хойд нутгийн өргөн уудам бүсэд тархжээ. Эдгээр бүс нутагт сүүлийн 30 гаруй жилийн турш хүчирхийлэл, зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаа билээ.
Энэ сарын эхээр Исламын улс бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй зэвсэгт этгээдүүд Хойд Киву мужийн тосгод руу халдаж, олон арван хүний аминд хүрсэн. Үүний улмаас Эбола вирусийн халдвар нь батлагдсан болон сэжигтэй өвчтөнүүд оргон зугтахаас өөр аргагүй болжээ.
Түүнчлэн тус улсын Засгийн газрын цэргүүд болон Руандагийн дэмжлэгтэй М23 зэвсэгт бүлэглэлийн хоорондын мөргөлдөөн үргэлжилж байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. М23 бүлэглэл БНАКУ-ын зүүн хэсгийн стратегийн чухал хотуудыг эзлэн авсан бөгөөд үүний улмаас алслагдсан бүс нутгуудад эмнэлгийн тусламж, хэрэгслийг тээвэрлэн хүргэхэд хүндрэл учирч байгаа аж.