
Прокурорын байгууллагаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой буюу Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан хэргээр 2026 оны 1 дүгээр улиралд 70 хүнд холбогдох 51 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлжээ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой хэргээс өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны өдрүүдэд анхан шатны шүүхээр 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Үүнд, иргэн С.Х, П.Х нар нь бүлэглэн, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн “Цайз” зах орчим НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, метамфетаминийн агууламжтай, бодисыг өөртөө хэрэглэх зорилгоор буюу бусдад худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцээд гэм буруутайд тооцож, П.Х-д 2 жил, 6 сарын хугацаагаар, С.Х-д 1 жил, 6 сарын хугацаагаар оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэжээ.
Мөн иргэн Г.М нь 2025 оны 9 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө ... сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан, тетрагидроканнабинолын агууламжтай, олсны төрлийн ургамлыг өөртөө хэрэглэх зорилгоор буюу бусдад худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэл дотор 2 хэсэг уутанд хийж, хадгалж, Улаанбаатар хот руу тээвэрлэсэн хэргийг анхан шатны шүүхээс хэлэлцээд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 21.3 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн аж.
Мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, бусдад өгсөн, боловсруулсан, илгээсэн, худалдсан, улсын хилээр нэвтрүүлсэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан, орон байраар хангасан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хуулийн зохицуулалттай.
Хар тамхи (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис) нь олон нийтийн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, удмын санд ноцтой хохирол учруулдаг тул энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.