
2026-2027 оны хичээлийн жил олон онцлогтой эхэлж байгааг наймдугаар сарын дунд үеэс эхлэн салбар яам суваг бүрээр мэдээлсэн. Тэдгээрийн дотроос зургаан настнууд буюу нэгдүгээр ангийн сурагчдын сургалтын хөтөлбөр, агуулга шинэчлэгдсэн гэдгийг голлон тодотгов. Цэцэрлэгийн танхимаас сургуулийн босго алхаж буй багачуудад сургуулийн орчиндоо дасах нэг сарын хугацаа хэрэгтэй, тэр хугацаанд үсэг, тоо заахгүй байх нь шинэчилсэн хөтөлбөрийн гол цөм гэдгийг ч олон тайлбарласан.
Энэ хичээлийн жилээс нэгдүгээр ангийн сурагчдад шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөр, сурах бичгээр сургалтын үйл ажиллагаа явуулна. Шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн гол онцлог нь нэгдүгээр ангийн хүүхдүүд есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл сургуульдаа дасан зохицох хөтөлбөр буюу “Би сурагч боллоо” гэсэн дэвтрийг хүүхдийн тоогоор орон даяар хүргүүлж байна. 10 дугаар сарын нэгнээс үндсэн сурах бичгийн дагуу хичээлүүд орно.
Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат
Нэрэн дээрээ ийм ч нидэр дээрээ асуудал албан хаагчдын тайлбарлаж байгаагаас тэс өөр байсан нь хичээлийн шинэ жил эхэлсэн эхний долоо хоногт ил болов. Тодруулбал, нэгдүгээр ангийн сурагчид нэг сарын хугацаанд сургуульдаа дасна, 10 дугаар сарын 1-нээс сурах бичгийн дагуу хичээл орно гэх агуулга үнэн хэрэгтээ судлах, сурах, хичээллэх сурах бичиггүй байхгүйтэй холбоотой байжээ.

Энэ жилээс нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө шинэчлэгдэн боловсруулагдсантай холбоотойгоор нэгдүгээр ангийн сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх багц тендэрийг зарласан. Уг тендэрийг зургаадугаар сарын 11-нд зарлаж, долоодугаар сарын 21-нд нээсэн боловч шаардлага хангасан компани байгаагүй. Ийнхүү наймдугаар сарын 5-нд тендерийг дахин зарласан. Улмаар тендер шалгаруулах журмын дагуу нөгөөдөр кампанийг шалгаруулна. Ийнхүү үлдсэн хугацаанд сурах бичгийг хэвлэж, аравдугаар сарын 1-ний дотор сурагчдад 100 хувь хүргэж өгөх ажлыг зохион байгуулна.
Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир
Ийнхүү шинэхэн сурагчид “Хөтөлбөр шинэчилсэн” гэх сүржин мэдэгдэл, “Би сурагч боллоо” гэж гарчигласан нимгэн дэвтэртэй хичээлийн жилээ угтлаа. Хичээлийн шинэ жил эхлэхээс ердөө 20 хоногийн өмнө сурах бичгийн тендер нь зарлагдаж, хичээл эхлээд 10 орчим хоногийн дараа ч шалгарсан компани, шаардлага хангасан аж ахуйн нэгж тодорхой болоогүй л байна. Хамгийн халагламаар нь, 20 хүрэхгүй хоногийн дотор сурах бичгийн агуулгыг шинэчлэх, сайжруулсан хөтөлбөртэй нь нийцүүлэн зохиох, эх бэлтгэх, хэвлэх, түгээх зэрэг нөр ажлыг гүйцэтгэнэ гэдэг амаргүй ажил. Зуны чилийсэн гурван сар хийж дөнгөөгүй хэр нь хичээл эхэлж, ажил жигдэрсэн хагас сарын хугацаанд бүгдийг нь амжуулах эсэх эргэлзээтэй.
Өөр өнцөг гэвэл, өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай улс боловсролын хөтөлбөртөө 10 гаруй удаа шинэчлэл хийжээ. Эдгээр шинэчлэлийн үр дүнд Programme for International Student Assessment (PISA) нь олон улсын үнэлгээ дахин дүн тавилаа. Монгол сурагчдын суурь ур чадвар олон улсын дунджаас доогуур хэвээр байна.
Монгол Улсад 900 орчим ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 79 хувь нь төрийн өмчийн, 20 хувь нь хувийн өмчийн ерөнхий боловсролын сургууль байна. Төрийн өмчийн сургуулиуд Боловсролын яамнаас батлан, хэрэгжүүлж буй хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу хичээллэдэг бол хувийн хэвшлийнх тийм биш. Олон улсын гэх тодотголтой, элдэв гадаад нэршилтэй сургалтын хөтөлбөрийг сургуульдаа хэрэгжүүлж, эцэг эхчүүд ч үүнээс нь болж хөрөнгөө шавхаж, хүүдийгээ сулладаг.
Энэ хэрээр хүүхдийн эзэмших чадвар, мэдлэг ч газар, тэнгэр шиг ялгаатай болж буй. Манай улсад хүүхдийн суурь боловсролын чанар эцэг, эхийн хөрөнгө чинээнээс хамаарахаас гадна нийгмийн зэрэг, зиндааг тодорхойлох нэг хэрэгсэл болж хувирсан. Чинээлэг өрхүүд олон улсын хөтөлбөртэй, гадаад багш урьж ажиллуулдаг, төлбөр нь төгрөгөөр бус ам.доллароор хэмжигдэх сургуулийг сонгож байна. Дундаж давхаргынхан төлбөр нь 4-10 гаруй сая төгрөгийн хооронд хэлбэлзэх сургуульд хүүхдээ суралцуулж буй. Харин өртөг шаардахгүй боловсрол олгож буй улсын сургуульд орлого нь улсын дунджаас доогуур өрхийн хүүхдүүд суралцдаг гэх ойлголт нийгэмд нутагшиж байгаа нь гашуун ч үнэн. Үүнийг судалгаа нотолж, судлаачид ч онцолдог. Бодит байдал ч гэрчилнэ.
Энэ ялгааг арилгаж, улсын сургуулийн сургалтын чанарыг сайжруулна гэдгээ Боловсролын сайд үе, үед онцолдог. Гэвч сайдын мэдэгдэл цаасан дээр бичигддэг ч амьдрал дээр хэрэгжихгүй байгааг энэ жил шинээр сурагч болж буй нэгдүгээр ангийнханд тулгамдаж буй бэрхшээлээс харагдаж байна. Улсын сургуулийн хүүхдүүдийг бүтэн нэг сарын хугацаанд сургуульдаа дасна, сурагчийн амьдралаа ойлгоно гээд зураг, будагтай нөхөрлөж байх зуур хувийн сургуульд үсэглэлийн баяр хийх тухай агуулга яригдаж эхэлнэ. Чилийсэн нэг сар сурах бичгээ хүлээсэн хүүхдүүд номтойгоо золгож, А үзэг зураглаж байх зуур өөр сургуулийн үе тэнгийн найзууд нь англи, хятад хэлний анхны үсэгтэйгээ танилцаж таарна. Эндээс хэдийн үүсчихсэн, бүр үүрлэж орхисон ялгаа улам гүнзгийрнэ. Өнөөдрийн боловсролын ялгаа маргааш нийгмийн давхраажил бий болгоно.