
Өмнөд Африкийн цагдаагийн дарга Фанни Масемола санхүүгийн хууль зөрчсөн хэрэгт буруутгагдсаны дараа тус улсын Ерөнхийлөгч Сирил Рамафоса албан тушаалаас нь түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа.
Үндэсний цагдаагийн комиссар Фанни Масемолаг албан үүргээс нь түдгэлзүүлсэн нь Өмнөд Африкийн цагдаагийн байгууллагад гарсан ээлжит дуулиан боллоо. Орон нутгийн сонгуулийн санал хураалт арваннэгдүгээр сард эхлэх гэж буй энэ үед ерөнхийлөгч Рамафосагийн авлигатай тэмцэх дарамтыг улам нэмэгдүүлж байна.
Одоо цагдаагийн сайд, үндэсний комиссар болон түүний орлогч бүгд түдгэлзэх эсвэл чөлөө авах байдалд орсон нь тус байгууллагын дээд удирдлагад урьд өмнө байгаагүй хэмжээний өөрчлөлт, тогтворгүй байдлыг бий болголоо.
Масемолаг 360 сая ранд (ойролцоогоор 21.7 сая ам.доллар)-ын эрүүл мэндийн үйлчилгээний тендерийг Medicare24 компанид олгохдоо худалдан авалтын хууль зөрчсөн гэж буруутгажээ. Уг компанийг бизнес эрхлэгч Вусимузи Матлала (Хоч нь “Cat”) удирддаг бөгөөд түүнийг зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэж сэжиглэдэг. Тухайн гэрээг цуцалсан байна.
Прокуроруудын мэдэгдсэнээр Medicare24 компани нь цагдаагийн албан тушаалтнуудтай хуйвалдан цагдаагийн байгууллагад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх гэрээг авсан байна. Гэрээг цуцлахаас өмнө Матлала 50 сая ранд (ойролцоогоор 3.03 сая ам.доллар)-ын төлбөр хүлээн авчээ.
Масемола Төрийн санхүүгийн тухай хуулийг зөрчсөн дөрвөн зүйл ангиар буруутгагдсан ч шүүх хурал тавдугаар сарын 13 хүртэл хойшлогдсон байна. Тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй аж.
Цагдаагийн байгууллагын санхүүгийн дарга, дэслэгч генерал Пуленг Димпане комиссараар түр ажиллах бөгөөд түүнийг “мэргэжлийн ур чадвар, шударга байдлаараа нэр хүндтэй” гэж ерөнхийлөгч Рамафоса тодорхойлжээ.
Масемолагийн хэрэг нь Өмнөд Африкийн эрх баригч эвслийн эсрэг олон нийтийн итгэлийг сулруулсан авлигын олон дуулианы нэг болж нэмэгдэж байгаа бөгөөд удахгүй болох орон нутгийн сонгуулиар авлигын асуудал сонгогчдын хувьд гол асуудлын нэг болох төлөвтэй байна.