Монголын Үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурал өчигдөр/2025.11.13/ болж зарим бөхчүүдэд сахилгын шийтгэл оногдуулжээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат улсын начин С.Багахүү нь 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанд баг дасгалжуулан оролцохдоо гаргасан үйлдлийг Монгол бөхийн ёс жудагт харш, үзэгч олон түмэн, жаяг дэгийн багийн гишүүдийг үл хүндэтгэсэн болохыг тогтоож хоёр жилийн хугацаанд бүх шатны барилдаанд оролцохыг хоригложээ. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат, аймгийн арслан Г.Батнямыг мөн дээрх тэмцээний үеэр гаргасан үйлдэлд хариуцлага тооцон нэг жилийн хугацаанд бүх шатны барилдаанд оролцохыг хориглосон байна.

Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр нь 2025 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цол, чимэг олгох баяр наадамд барилдахдаа гаргасан үйлдэлд ёс зүйн шийтгэл оногдуулж гурван сарын хугацаанд бүх шатны барилдаанд оролцохыг хорьжээ.