Австралийн хоригдол зарим мужийн хорих газарт хориглосон байдаг Vegemite нухшийг идэхийн тулд шүүхэд гомдол гаргажээ. Энэ нухаш нь 1923 оноос хойш худалдаанд гарсан 102 жилийн түүхтэй Австралийн уламжлалт хоол хүнс юм байна. Шар айрагны дайвар бүтээгдэхүүнээр хийдэг, исгэлэн, шорвог амттай, хурц үнэртэй байдаг аж.

Үнэрээс нь шалтгаалж Австралийн Викториа зэрэг зарим мужид хорих газруудыг энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглосон байна. Викториа муж 2006 оноос эхэлж Vegemite-ийг хорих газруудад нэвтрүүлэхээ больжээ. Хоригдлууд хууль бус мансууруулах бодисыг уг нухаш дунд хийж хорих газарт нэвтрүүлэх, дамлан худалдаалах явдал нэмэгдсэн байна. Учир нь хурц үнэртэй учраас үнэрч ноход дотор нь байгаа хууль бус бэлдмэлийг олж илрүүлэхэд төвөгтэй болжээ. Мөн хоригдлууд уг нухшаар согтууруулах ундаа исгэж хэрэглэдэг байж боломжтой гэж үзсэн учраас хорих газруудад хориглосон байна.

Хорих газраас гадуур австраличууд тус бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа өргөн хэрэглэдэг. Үндэсний бахархал болсон хоол хүнсний төрөлд багтдаг байна.

Күйнслэнд мужид ял эдэлж байгаад Викториа мужийн хорих газарт шилжиж ирсэн 54 настай Андре МакКечни хорих газруудад тогтоосон хоригийг цуцлах хүсэлтээ шүүхэд мэдүүлжээ. Тэрээр 1994 онд хүн амины гэмт хэрэг үйлдсэн хэргээр бүх насаараа хорих ял сонсож, ялаа эдэлж байна.

МакКечни хорих газарт Vegemite-ийг хориглосон нь хүний Үндсэн эрхийг зөрчсөн явдал гэж буруутгажээ. Хуулинд зааснаар “Австралийн соёл уламжлалыг таашаах” гэсэн зүйл заалтыг зөрчсөн гэж тэрээр үзсэн байна. Мөн Vegemite хэрэглэхийг нь хориглосноор “сайн сайхан байхад зориулагдсан хоол хүнсээр хорих газрын удирдлага хангаж чадахгүй байна” гэсэн гомдлыг хавсаргажээ. Уг хэргийг шүүх хурал ирэх жил болохоор товлогджээ.

Өтгөн, бор хүрэн энгийн этгээд амттай нухшийг Викториа мужийн Мэлбурн хотод анх үүссэн гэж үздэг. Орчин цагт Их Британид Marmite гэдэг нэрээр түгжээ.

Тус амтлагч нухшийг Шведэд байдаг Хамгийн муухай хоолны музейд тавьсан байдаг байна. Энэ музейд өт, сармагчны тархи, өмхий дүфү, натто зэрэг дэлхий дээр байж болох хамгийн муухай амт үнэртэй хүнсийг байршуулдаг.

Энэ оны дөрөвдүгээр сард Vegemite дахин анхаарлын төвд орсон үйл явдал болжээ. Канад улсад зоогийн газрын бизнес эрхэлдэг Австралийн иргэн Vegemite-ийг зарж борлуулдаг байсныг болиулах шийдвэр гарсан байна. Энэ үед Австралийн Ерөнхий сайд Энтони Албанис эсэргүүцсэн мэдэгдэл гаргаснаар Канадын эрх баригчид зоогийн газрын эзнийг тус бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн худалдахыг зөвшөөрчээ.