
Ухаалаг утасны цэнхэр гэрэл, хаа сайгүй яригдах хиймэл оюун ухаан, секундийн хурдаар өрнөх дижитал хэмнэл өнөөдрийн цаг үеийг бүхэлд нь тодорхойлж байна.
эвч энэ хэт хурдтай хэмнэл биднийг эргээд хамгийн энгийн зүйлсээ үгүйлж, түр завсарлага авахад хүргэж буй. Үүний баталгаа нь энэ оны эхний өдрөөс л дэлхий даяарх нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн дунд “2026 он бол шинэ 2016” хэмээх тренд хүч түрэн орж ирсэн явдал юм. Олны танил одуудаас эхлээд энгийн хэрэглэгчид хүртэл тэртээ арван жилийн өмнөх үеэ санан дурссан постуудаараа сошиал медиаг “дүүргэж” байгаа нь бид алгоритмын хэт нарийн шүүлтүүрээс залхаж, илүү бодит, “аналоги” хэмнэл рүү тэмүүлж эхэлсний тод дохио болов.
Энэхүү давлагаа нь анх 2025 оны төгсгөлд TikTok платформ дээрх Z үеийн залуусын дунд “10 жилийн өмнөх шиг энгийн байя” гэсэн уриалгаас эхэлжээ. Улмаар 2026 оны эхний долоо хоногоос эхлэн уг давлагаа нь дижитал ертөнцийг бүхэлд нь хамарсан соёлын томоохон хөдөлгөөн болж үргэлжилсэн байна. Тухайлбал, 2026 оны эхний хоёр долоо хоногийн байдлаар TikTok дээр “2016” гэх хайлтын илэрц 452 хувиар өсөж, 55 сая гаруй видео #2026new2016 гэх хаштагтайгаар нийтлэгджээ.
Уг трэндэд Кайли Женнер, Хейли Бибер зэрэг одууд нэгдэж, арван жилийн өмнөх зургуудаа хуваалцсан нь дэлхий даяарх сая, сая залуусыг өнгөрсөн рүү өндийхөд хүргэсэн юм. Улмаар залуус хэт төгс харагдахыг шаарддаггүй байсан тэртээ 2016 оны VSCOийн бүдэг эффект, Retrica-ийн шүүлтүүргүй зургуудаа дахин нийтэлж эхэлсэн юм. Энэ нь нийгэм тэр чигтээ “дижитал ядаргаа”-наас ангижрах гарцыг хайж буй соёлын нэгэн шинж тэмдэг болж байна гэж судлаачид үзэж буй.
Тэгвэл сошиалаар шуугиад буй 2016 он бол нийгмийн сүлжээний алгоритм биднийг бүрэн удирдаж, “төгс” байх дарамт шахалт тулгахаас өмнөх хамгийн сүүлчийн чөлөөт үе байжээ. Тухайн үед хүмүүс Instagram-д төгс харагдах гэж биш, зүгээр л байгаагаа хуваалцах гэж зургаа оруулдаг байж.
Гэвч 2016 оны дунд үеэс Instagram анх удаа “цаг хугацааны дарааллаар” харуулдаг байсан системээсээ татгалзаж, алгоритмд суурилсан “engagement” буюу хүмүүст хамгийн их таалагдах магадлалтай зургийг түрүүлж харуулах системийг нэвтрүүлжээ. Энэ нь бидний сошиал хэрэглээг найзуудынхаа юу хийж байгааг харах биш, харин алгоритмд таалагдахын тулд контент бүтээх өрсөлдөөнд хөтөлсөн түүхэн цэг байв.
Тэр ч байтугай, өнөөдөр бидний хэрэглэж заншсан Instagram stories буюу 24 цагийн дараа устдаг “түүхүүд” яг энэ 2016 оны төгсгөлд анх нээлтээ хийж байв. Үүнтэй зэрэгцэн 2016-2017 онуудад нүүрний хэлбэр засаж, арьсыг төгс болгодог филтерүүд эрчээ авсан нь сошиал медиаг хэт хэлбэрт баригдсан, зохиомол ертөнц болгон хувиргасан билээ. Ийнхүү бид секунд тутамд шинэ мэдээлэлд шахагдаж, бусдын хиймэл дүр төрхтэй өөрийгөө жишиж залхсан “хэт төгс” байдлын ядаргаа өнөөдөр биднийг эргээд тэртээх 2016 оныг үгүйлэхэд хүргэжээ. Чухамдаа энэхүү дижитал дарамтаас ангижрах гэсэн нийгмийн дотоод хэрэгцээ нь биднийг хэт ухаалаг бүхнээс татгалзаж, илүү бодит зүйлс рүү хөтөлж байна.

Өнөөдөр бид хиймэл оюун ухаан (AI), хэт ухаалаг төхөөрөмжүүдийн ачаар амьдралын олон зүйлийг урьд хожид байгаагүйгээр хэт хялбар болгож чадсан. Гэвч энэ хэрээр хүний сэтгэл зүй бодит, биет, гарт мэдрэгдэх үнэ цэнийг илүү ихээр үгүйлэх болжээ.
Тэгвэл өнгөрсөн рүү тэмүүлэх энэхүү ностальги буюу санагалзах хандлага нь зөвхөн энэ жил дэлгэрч буй түр зуурын үзэгдэл биш юм. Харин сүүлийн жилүүдэд аажмаар хүчээ авч, салбар бүрд илэрч буй соёлын эргэлт юм. Тухайлбал, Luminate-ийн 2025 оны жилийн эцсийн тайланд дурдсанаар дэлхий дахинд пянзны борлуулалт 19 дэх жилдээ дараалан өсөж, 2025 оны төгсгөл гэхэд борлуулалтын хэмжээ нь 2.42 тэрбум ам.долларт хүрчээ.
Хүмүүс пянз тоглуулагчийн зөөлөн шажигнах чимээг чагнаж, дуртай цомгоо алгасалгүйгээр сонсох нь дижитал платформын хязгааргүй сонголтоос илүү бодит таашаал өгдөгийг дахин анзаарч эхэлсэн байна.
Зөвхөн пянз ч биш, кассет хуурцаг хүртэл сүүлийн жилүүдэд сэргэж байгаа аж. Official Charts Companyийн мэдээллээр кассетны борлуулалт сүүлийн 20 жилд байгаагүй өндөр түвшинд хүрчээ. Үүний зэрэгцээ Gen Z үеийнхэн digital detox буюу дэлгэцийн хамаарлаас ангижрах зорилгоор товчлууртай утас (Dumbphones) барьж, кассет, пянзаар дуу сонсох болсон нь 24/7 дэлгэц ширтэхээс татгалзаж, амьд харилцаа, бодит мэдрэмжийг эрхэмлэх гэсэн соёлын нэгэн шинэ хандлага болж байгааг WhistleOut-ийн судалгаанд дурджээ. Тэгвэл энэхүү шилжилт нь загварын ертөнцөд ч хүчтэй нөлөөлж 2016 оныг тодорхойлж байсан “Indie Sleaze” болон “Tumblr” хэв маягууд дахин хүчээ авч эхэлсэн байна. Хэтэрхий цэвэрхэн, минималист хэв маягаас залхсан залуус өнөөдөр хуучин хувцасны дэлгүүрүүдийг (thrift store) илүүтэй сонирхох болжээ. ThredUp-ийн тайланд дурдсанаар хуучин хувцасны зах зээл 2027 он гэхэд 350 тэрбум долларт хүрэх төлөвтэй байгаа аж. Энэ нь бидний хэрэглээний соёл “хуучин руу” эргэж, илүү үнэ цэнтэй, дахин давтагдашгүй зүйлсийг эрэлхийлж илрэл болж буй.
Гэрийн интерьерт ч мөн орчин үеийн хүйтэн металл хийцээс татгалзаж, 70-80-аад оны дулаан уур амьсгалыг бүрдүүлэх модон тавилга, тав тухтай хэв маяг руу шилжиж байгаа нь бид зүгээр ч нэг хуучин үеэ дурсаад өнгөрөх бус илүү бодитой, үнэ цэнтэй зүйлс рүүгээ өнгийж буй илрэл аж. Эцэст нь, тасралтгүй урсах мэдээллийн давалгаанд дарагдсан бид нүд гялбам чамирхал, хэт хиймэл төгс байдлаас алхам ухарч, илүү бодит, үнэ цэнтэй зүйлс рүү тэмүүлэх болжээ.