Наран ургах зүгийн Япон улс бидний төсөөлөлд цэвэрхэн гудамж, хурдны галт тэрэг, робот, нарийн дэг журамтай ард түмнээр буудаг. Гэвч энэ улсын соёл, хөгжил зөвхөн техник, технологи, эмх цэгцээр хэмжигдэшгүй.

Япончуудын өдөр тутмын амьдралд шингэсэн “бусдад төвөг удахгүй байх”, “бүхнийг эмх цэгцтэй байлгах”, “бие биеэ хүндлэх” гэсэн гүн сэтгэлгээ нь нийгмийн суурь үнэт зүйл нь болж төлөвшсөн байдаг. Эдгээр үнэт зүйл нь урлаг, соёлд нь ч тод илэрдэг. Тухайлбал, япончуудын дотоод сахилга, нарийн мэдрэмж, гоо зүйн ойлголт нь тэдний бүтээдэг бүх урлагийн хэлбэрт шингэсэн бөгөөд хамгийн тод жишээ нь дэлхий нийтэд алдартай манга буюу зурагт ном болон аниме юм.

Зөөлөн хүч ба зураасаар эзэмдэхүй

Япон улс дэлхийд нөлөөгөө зэр зэвсэг, эдийн засгийн хүчээр бус, соёлын “зөөлөн хүч”-ээр түгээж чадсан ховор орны нэг. Тэд аливаа зүйлийг түргэн хийхээс илүү төгс төгөлдөр гүйцэтгэхийг эрхэмлэдэг. Энэ зарчим нь цайны ёслол, цэцэг өргөх урлагаас эхлээд аниме, кино, хөгжимд нь хүртэл шингэсэн байдаг. Тиймдээ ч японы поп соёл, ялангуяа дуу хөгжим, кино, аниме нь дэлхийн өнцөг булан бүрийн залуусын сэтгэлд дулаан, дотно мэдрэмж төрүүлдэг.

Үүний дотор бүхий л түүхийн эхлэл болох манга нь Мэйжи үеийн хэвлэлийн соёл, урлагийн нарийн мэдрэмжээс гаралтай гэж үздэг. Эртний зурган хэвлэл, сэтгэл зүйн дотоод тэмдэглэл буюу хүний өдөр тутмын бодол, сэтгэл хөдлөлийг тэмдэглэсэн бичвэр, зургууд мөн хүүхэлдэйн дүрслэл нь орчин үеийн манга, анимегийн үндсийг тавьжээ. 1940-1950-аад оны сүүлээр Осаму Тэдзукагийн бүтээлүүд мангаг шинжлэх ухаан, сэтгэл зүй, драмын элементээр баяжуулж, олон төрөл жанр үүсэх суурь болсон. Ингэснээр манга зөвхөн хүүхэд багачуудын сонирхол биш, бүх насны уншигчдад зориулсан, дэлхийд нөлөөлөх соёлын хүч болжээ.

Манга нь бусад зурагт номтой харьцуулахад хар, цагаан дүрслэлээр илэрхийлэгддэг бөгөөд хүний мэдрэмж, сэтгэл хөдлөлийг зураасаар нарийн гаргаж чаддаг. “Манга” (漫画) гэдэг нь хоёр ханзнаас (канжи) гаралтай бөгөөд “Ман” (漫) нь “Хөгжилтэй, жүжиглэлт”, харин “га” (画) нь “зураг” гэсэн утгыг илэрхийлдэг.

Үүнээс гадна манга нь бидний үзэх дуртай анимегийн үндэс суурь болдог. Мангагийн дүрслэл, зохиолын бүтцэд нь хөдөлгөөнт дүрс, дуу хөгжим, эффект нэмж, баяжуулснаар аниме бүтдэг.

Үзэгч бус сэтгэгч

Газар нутгийн хэмжээ, байгалийн нөөцөөрөө хязгаарлагдмал ч Япон улс оюуны экспортоороо дэлхийд тэргүүлэгч болж чадсан.

Манга, аниме, дуу хөгжим, тоглоом, соёлын бүтээлч арга хэмжээ зэрэг нь тус улсын эдийн засагт жил бүр хэдэн тэрбум ам.долларын орлогыг бүрдүүлдэг.

Хамгийн сүүлд л гэхэд “Demon Slayer” цуврал дэлхийн зах зээлд 220 сая хувь борлогдож, аниме, бүрэн хэмжээний кино болон видео тоглоомын лицензээр дамжин хамгийн өндөр борлуулалттай уран бүтээлүүдийн нэг болсон. Тодруулбал, “Demon Slayer: Infinity Castle” кино 2025 оны долоодугаар сарын 18-нд Японд нээлтээ хийснээсээ хойш өнөөдрийн байдлаар 633 сая ам.доллар давсан орлого олж, энэ жилийн хамгийн өндөр ашигтай кинонуудын тоонд багтаж байна.

Ердөө 20 сая ам.долларын төсвөөр бүтээгдсэн уг бүтээл Холливудын хэдэн зуун сая ам.долларын төсөвтэй бүтээлүүдийг ардаа орхиж чадсан нь санамсаргүй хэрэг биш. Амжилтын гол шалтгаан нь сүрлэг тулаан, дүрсний эффектийн чадварлаг үзэмжээс гадна япон хүний эмпатик буюу бусдын сэтгэлийг мэдрэх, хүний дотоод ертөнцийг уужим харж чаддаг сэтгэлгээтэй салшгүй холбоотой.

Энэхүү бүтээлд ах дүүсийн хайр, шударга ёсны эрэл, хичээл зүтгэл, хатуужил, бусдын төлөө өөрийгөө золиослох зэрэг япон соёлд гүн шингэсэн үнэт зүйлс тод илэрдэг. Энэ бол “ганбатте” гэх бүү бууж өг, үргэлж хичээ гэсэн япон сэтгэлгээний хамгийн тод илэрхийлэл аж. Хүчирхийлэл, айдас, гашуудлын дунд ч хүний сайхан чанарыг гэгээтэйгээр харуулж чадсан нь “Demon Slayer”-ийг энгийн нэг цуврал бус, дэлхийн үзэгчдийн сэтгэлд хүрч, тэднийг сэтгэх, мэдрэх, уярахад хүргэсэн соёлын үзэгдэл болгоход нөлөөлжээ.

Дуусашгүй аялал

Японы манга, аниме, урлагийн ертөнц бол зүгээр нэг хүүхдүүдийн үзэх зугаа биш. Энэ бол үндэсний оюун санааны үргэлжлэл, түүхийн нэг хэлбэр юм.

Өнөөдөр ч “One Piece”-ийн Eiichiro Oda, “At tack on Titan”-ы Hajime Isayama, “Naruto”-гийн Masashi Kishimoto зэрэг зохиолчид бүтээлээ хэдэн арван жилээр туурвиж, дүрүүдийнхээ хамт нэгэн үеийн сэтгэл зүрхэнд амьд хэвээр байна.

Тэдний бүтээлд дүрийн зан чанар, хүн хоорондын итгэл, золиос, хүнлэг чанар, баяр баясал, шаналал гээд амьдралын бүх өнгө нэвт шингэсэн байдаг. Улмаар үзэгчид тэдний түүхийг зүгээр нэг “үзэж” суудаггүй бөгөөд дүрүүдийн итгэл, тууштай байдал, бусдын төлөө зүтгэх сэтгэлээс урам авдаг.

Японы манга, анимегийн энэхүү аялал нь зөвхөн соёлын бүтээгдэхүүн төдийгүй, үзэгчдэд өөрийн амьдрал, үнэт зүйлс, хүний мөн чанарыг эргэцүүлэн бодох боломж олгодог. Тиймээс Япон улс газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт ордоггүй, байгалийн баялаг багатай ч оюуны хүчээрээ дэлхийн соёлд өөрийн орон зайг баттай эзэлж чадсан билээ.

Энэ нь зөвхөн эдийн засгийн ач холбогдол төдийгүй, үндэсний соёл, ёс суртахуун, оюун санааны өвийг дэлхийн тавцанд түгээж буй гайхамшигт аялал юм.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл