Тайланд улсад U16 насны волейболын хөвгүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Монголын өсвөрийн шигшээ баг өчигдөр Казахстаны багийг 3:2-оор хожиж, тус тэмцээний IX байрын төлөө тоглохоор боллоо. Манай шигшээ багийн дараагийн өрсөлдөгч нь Тайваний баг юм. Хоёр багийн тоглолт өнөөдөр болно.

Азийн волейболын холбооноос зохион байгуулж буй хөвгүүдийн тэмцээнд 16 улсын баг оролцож байна. Монголын баг хэсэгтээ Япон, Узбекистаны багт хожигдсон ч нэмэлт тоглолтод БНХАУ /3:0/, Австрали, Казахстаны багуудыг дараалан хожиж IX байрын төлөө тоглохоор боллоо.

Монголын багийн ахлах дасгалжуулагчаар спортын мастер О.Наранбаатар ажиллаж байгаа ба багийн бүрэлдэхүүнд 19 тамирчин багтсан байна.  

Ташрамд дуулгахад, Монголын U16 өсвөрийн шигшээ баг 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд Х байр эзэлж байжээ.