Монгол улсад Авто тээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баяр наадмын арга хэмжээ өнөөдөр эхэллээ. Сүхбаатарын талбайд ховор хуучны автомашины үзэсгэлэнг дэлгэлээ. Зам тээвэр, аж үйлдвэр, газар тариалангийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд ашиглаж байсан хуучны автомашин, техник хэрэгслийг олонд үзүүлж, баярын арга хэмжээг эхлүүллээ.
Эх орныхоо хөгжил дэвшилтэд үнэтэй хувь нэмэр оруулж байсан дахин давтагдашгүй загвар хийцтэй автомашиныг олон түмэнд үзүүлж байна. Мөн нийтийн тээвэрт явж байсан автобусыг бэлджээ. Түүх өгүүлсэн энэ үзэсгэлэн автотээврийн салбарын 100 жилийн түүхийн нэгэн онцгой гэрч болон үлдлээ.
Өнөөдрийн үзэсгэлэнд 1932 онд ЗХУ-д үйлдвэрлэсэн 1.5 тонн даацтай “Полу” ачааны автомашин, 1936 оноос маршал Чойбалсангийн албан хэрэгцээнд ашиглаж байсан “ГАЗ-М1”, “ЗИС-5” зэрэг автомашиныг тавьжээ. Мөн 1945-1950 онд Монголын Улсын зам тээвэр, аж үйлдвэрт хэрэглэж байсан, улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн хүнд даацын ачааны автомашин ЗИС-5, 1950-д оноос хөдөө аж ахуйд атар эзэмших, нэгдэлжих хөдөлгөөн, сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуй, саятны хөдөлгөөн зэрэг өрнүүн их хөдөлмөрийн он жилүүдэд томоохон үүрэг гүйцэтгэсэн “ЗИС-110”, ЗИЛ-130”, “ГАЗ-53” зэрэг ачааны автомашин, “ГАЗ-21”, “ГАЗ-24”, “УАЗ” маркын суудлын автомашиныг олонд танилцуулж байна.
1938 онд ЗХУ-д үйлдвэрлэсэн, Америк хөдөлгүүртэй “ГАЗ-М1” маркын автомашин зэрэг дурсамж, түүх өгүүлсэн үзэсгэлэнд автомашин сонирхогчдын ховор бүтээл болсон машинууд дэлгэгдлээ.
Монгол Улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал өнөөдөр Төрийн ордны “Их Монгол” танхим болно. Мөн баярын арга хэмжээний наадам маргааш Хүй долоо худагт хүчит бөхийн барилдаан, сурын харваа, наадмын хаалтын шоу тоглолтоор үргэлжилнэ.






