
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн байгуулсан энхийн зөвлөлийнхөө анхны хурлыг өнгөрсөн пүрэв гарагт хийлээ. Тэрбээр уг зөвлөлийн гишүүн орнууд, Газын зурваст үзүүлэх тусламжийн багцад 7 тэрбум гаруй ам.доллар гаргахаар амласныг мэдэгдсэн байна.
Тус байгууллагыг Трамп энхийн төлөвлөгөөнийхөө хүрээнд Газын зурвасын аюулгүй байдлыг хангах, сэргээн босгох зорилгоор байгуулжээ. АНУ-ын албаны хүмүүсийн мэдээлснээр, зөвлөлд нэгдээгүй орнуудыг оролцуулаад 40 гаруй улсын удирдагчид, сайд нар Вашингтонд хүрэлцэн ирсэн байна.
Дональд Трамп хэлэхдээ, зөвлөлийн гишүүн орнуудын өгсөн амлалтууд нь тус байгууллага бол зүгээр нэг улс орнуудын удирдагчдыг нэг дор цуглуулдаг бус, бодит шийдэл боловсруулж хэрэгжүүлдэг гэдгийг харуулж байна гэж мэдэгдээд түүнчлэн гарц шийдлүүдийг олсон хэмээн дурджээ.
Тэрбээр Индонез, Марокко зэрэг хэд хэдэн улс орны оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Газын зурваст гал зогсоох дэглэмийг сахиулах, энх тайвныг тогтооход дэмжлэг үзүүлэхээр цэргийн алба хаагчдаа илгээхээр амласныг онцолжээ. Түүнчлэн АНУ-аас тус зөвлөлд 10 тэрбум ам.доллар олгоно гэж мэдэгдсэн юм.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газрын тэргүүн Александр Де Кро яаралтай тусламж нэн шаардлагатай байгааг онцлов.