Жеффри Эпстийн бол АНУ-ын банк санхүүгийн салбарын бизнес эрхлэгч байсан төдийгүй түүний үйлдсэн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг тус улсын түүхэн дэх хамгийн дуулиан шуугиан тарьсан хэргүүдийн нэг болсон юм. Эпстийн насанд хүрээгүй хэдэн арван хүүхдийг хүчирхийлээд зогсохгүй дэлхийн нэр нөлөө бүхий хүмүүстэй холбоо сүлбээтэй байсан нь тогтоогдсон. Эпстийний хэргийг илрүүлж 2019 оны долоодугаар сард баривчлан саатуулсан бөгөөд сарын дараа хорих газарт амиа егүүтгэсэн.

Энэ хэргийн материал багадаа 20 мянган хуудсанд багтсан байдаг. Өнгөрсөн жилүүдэд хэргийн материалыг нууцын ангилалд багтааж, олон нийтэд засварласан материалыг хэсэгчлэн харуулсаар иржээ. Тухайлбал холбооны мөрдөгчдийн илрүүлсэн Эпстийний нислэгийн хуваарь, холбоо харилцаатай хүмүүсийн жагсаалт, цахим шуудан, шүүхийн материал, хохирогчид болон гэрчүүдийн мэдүүлэг зэргийг ил тод дэлгэсэн байдаг. Харин бусад баримтыг нууцалсаар ирсэн.

Тэгвэл энэ удаад Америкийн Ардчилсан намын төлөөлөгчид Эпстийний материалыг бүрэн эхээр нь олон нийтэд дэлгэх саналыг дэвшүүлсэн. Бүгд Найрамдах намаас сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп насанд хүрээгүй хүүхдүүдийг хохирогчоо болгосон бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэн Эпштейнтэй холбоотой байсан нь илрээд байгаа юм. Эпстийн болон Эпстийний туслахууд Ерөнхийлөгч Трамптай цахим шуудан бичилцсэн баримтыг өнгөрсөн долоо хоногт дэлгэсэн.

Хэдийгээр Трамп Эпстийнтэй холбоотой байсан нь тодорхой болсон боловч түүний үйлдсэн гэмт хэргүүдтэй ямар нэгэн байдлаар холбогдсон баримт байхгүй. Трамп ч мөн олон жилийн өмнө холбоо харилцаагаа тасалсан бөгөөд ямар ч гэмт хэрэгт хамааралгүй гэж мэдэгдээд байгаа юм.

Америкийн Конгресс буюу Төлөөлөгчдийн доод танхим, Сенатын дээд танхимд Эпстийний хэргийн холбогдох бүх материалыг олон нийтэд дэлгэх саналыг дуу нэгтэйгээр дэмжлээ. Өөрөөр хэлбэл эсэргүүцсэн санал бараг гараагүй байна.

Уг саналыг хууль болгон батлахаар Ерөнхийлөгч Трамп гарын үсэг зурах үлдлээ. Трамп Эпстийний хэргийн материалыг дэлгэх асуудлаар Truth цахим сүлжээндээ байр сууриа илэрхийлсэн. Ингэхдээ Бүгд найрамдахчуудыг уг хэргийн материалд анхаарахаас илүү байгуулсан ялалтдаа төвлөрөөсэй гэж хүсэж байна гэжээ.

Эпстийнтэй холбоо сүлбээтэй байсан олны танил хүмүүсийн дунд Их Британийн ханхүү асан Эндрю, АНУ-д сууж байсан Их Британийн элчин сайд асан Лорд Петр Мэнделсон зэрэг эрхмүүдийн нэр бичигдсэн. Их Британийн хаан Чарльз өөрийн дүү Эндрюг Эпстийнтэй холбоотой байсан гэдэг шалтгаанаар бүх цол хэргэмийг нь хурааж, Виндсор шилтгээнээс энэ намар хөөсөн юм.

Ерөнхийлөгч Трамп гарын үсэг зурснаас хойш 30 хоногийн хугацаанд Хуульзүйн яам материалыг ил тод болгох ажлыг гүйцэтгэх ёстой.

Сенат болон Төлөөлөгчдийн танхимд хэргийн материалыг дэлгэх санал дэмжигдсэний дараа Эпстийний гэмт хэргийн хохирогчид баярлаж байгаагаа илэрхийлжээ. Тэд Конгрессын гишүүд сайн ажиллалаа хэмээн талархсан байна. Энэ санаачилгыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Эпстийн болон түүний хамтрагч Гилейн Максвелл нарын хохирогч Виржиниа Жиуффре агсны дуу хоолой үнэтэй хувь нэмэр оруулсныг хохирогч эмэгтэйчүүд онцолжээ