
Герман, Францын удирдагчид шинэ үеийн сөнөөгч онгоц зохион бүтээж үйлдвэрлэх хамтарсан төслийг зогсоохоор тохиролцсон талаар албаныхан мэдээлэв. Ингэснээр Европын хамгийн том батлан хамгаалах хөтөлбөрүүдийн нэг аж үйлдвэрийн өрсөлдөөний улмаас нуран уналаа.
Германы Канцлер Фридрих Мерц болон Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн долоо хоногт Монтенегрод болсон Европын Холбоо–Баруун Балканы дээд хэмжээний уулзалтын үеэр уг асуудлыг хэлэлцжээ. Германы албаныхны мэдээлснээр тэд төслийг хэрэгжүүлж буй зэвсгийн компаниудын хооронд үүссэн олон сарын мухардлыг арилгах ямар ч боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Үүний улмаас Мерц Макронд хамтарсан сөнөөгч онгоцны бүтээн байгуулалтыг цааш үргэлжлүүлэхгүй байхыг зөвлөжээ.
Макроны ажлын алба мэдэгдэхдээ хоёр удирдагч төслийн талаар удаан ярилцсан гэнэ. Герман, Испанийн төлөөлөл болсон Европын агаарын сансрын аварга Airbus болон Францын Dassault Aviation компаниуд тохиролцоонд хүрч чадаагүйд харамсаж байгаагаа илэрхийлсэн.
Европын хамгийн том батлан хамгаалах төслийн гол тулгуур хэсгийг зогсоох шийдвэр нь барууны цэргийн албан тушаалтнууд Оросын заналхийлэл өсөн нэмэгдэж байгааг анхааруулж, АНУ Европыг зэвсэглэлээ эрчимтэй нэмэгдүүлэх шахалт үзүүлж буй үед гарч байна.
Макрон уг төслийг 2017 онд Германы Канцлер асан Ангела Меркельтэй хамт эхлүүлсэн бөгөөд олон сарын турш хамгаалсаар ирсэн юм. Түүний ажлын алба Франц улс Франц-Германы батлан хамгаалах хамтын ажиллагааг хоёр улс болон Европын түншүүдийн хувьд зайлшгүй шаардлагатай хэвээр гэж үзэж байгааг мэдэгджээ.
Гэвч Испани мөн оролцдог 100 тэрбум еврогийн өртөгтэй төсөл дээр талууд тохиролцоонд хүрч чадаагүй нь олон арван жилийн турш хангалтгүй хөрөнгө оруулалтын дараа цэргийн чадавхаа сэргээхэд Европт тулгарч буй хүндрэлүүдийг харуулж байна.
Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн цэргийн нисэх хүчний ахлах шинжээч Дуглас Барри “Энэ нь Вашингтон болон Москвад илгээж буй дохионы хувьд төдийлөн таатай зүйл биш” гэжээ.
Дронуудын дэмжлэгтэйгээр ажиллаж, өндөр нууцлалтай “байлдааны үүлэн сүлжээ”-гээр холбогдох үндсэн сөнөөгч онгоц дээр төвлөрсөн энэхүү төсөл нь техникийн шаардлага болон удирдлагын асуудлаарх маргааны улмаас хэдэн сарын турш эргэлзээтэй байдалд орсон байв.
Асуудлын талаар мэдээлэлтэй Европын нэг эх сурвалжийн хэлснээр хоёр тал үндсэн сөнөөгчөөс гаднах системүүдийг, тухайлбал өндөр хамгаалалттай холбоос бүхий “байлдааны үүлэн сүлжээ”-г Future Combat Air System (FCAS) гэсэн нэрийн дор үргэлжлүүлэн хөгжүүлэх шийдэл рүү ойртож байгаа аж.
Энэхүү буулт нь голчлон бэлгэдлийн шинжтэй. Учир нь FCAS бол ийм төрлийн системийн ерөнхий нэр бөгөөд зөвхөн энэ төсөлд зориулсан өвөрмөц нэр биш юм. Гэсэн ч Макрон үндсэн сөнөөгч онгоцны хэсгээс татгалзахдаа төслийг бүхэлд нь “сүйдсэн” гэж зарлах шаардлагагүй байх томъёоллыг албаныхан эрэлхийлж байжээ.
Макрон, Мерц нар Airbus болон Dassault компанийн санал зөрөлдөөнийг арилгаж төслийг аврахын тулд олон сарын турш оролдсон байна.
Компаниуд шууд тайлбар өгөөгүй ч Германы IG Metall үйлдвэрчний эвлэл төслийг зогсоох шийдвэрийг сайшаажээ. Тэдний үзэж буйгаар Dassault болон Airbus тэгш эрхтэй хамтран ажиллаж чадахгүй нь хэдэн сарын өмнөөс тодорхой болсон байв.
IG Metall-ийн дэд дарга Юрген Кернер мэдэгдэлдээ “Германыг нисэх хүчний төв болгон хөгжүүлэх болон ажиллах хүчний эрх ашгийн төлөө гаргасан энэ хүнд боловч зайлшгүй шийдвэрийн төлөө Фридрих Мерцэд талархаж байна” гэжээ.
Хөгжүүлэлтийн дараагийн үе шатыг хэн хянах, оюуны өмчид хэн хандах эрхтэй байх зэрэг маргаанаас гадна хоёр талын онгоцонд тавьж буй шаардлагууд ч эрс ялгаатай байв.
Үндсэн сөнөөгч онгоцны асуудлаарх энэхүү задрал нь Франц 1980-аад онд Eurofighter төслөөс гарсан үйл явдлыг санагдуулж, Dassault болон Airbus-ын олон жилийн ил тод маргааны үргэлжлэл болж байна.
Их Британийн батлан хамгаалахын шинжээч Фрэнсис Туса төслийн франц товчлолыг ашиглан “SCAF гурван жилийн турш амь тариа залгуулж ирсэн” гэж тодорхойлов.
Харин Мерцийн хувьд зургаа дахь үеийн нисгэгчтэй сөнөөгч онгоц хөгжүүлэх нь Германы агаарын хүчинд үнэхээр хэрэгтэй эсэхэд эргэлзэж буйгаа ил тод илэрхийлж байсан. Тэрээр нисэх онгоц тээгч дээр бууж чаддаг, цөмийн зэвсэг тээвэрлэх боломжтой онгоц Германд шаардлагагүй гэж мэдэгдэж байв.