
5300 жилийн өмнө нас барсан, маш сайн хадгалагдаж үлдсэн мумми Өтци мөсөн хүн нь бичил биетний “идэвхтэй экосистем” төдийгүй түүний эртний зарим бичил биетүүд олон мянган жилийн турш амьдрах чадвараа хадгалсан хэвээр байгааг шинэ судалгаа харуулжээ.
Өтцигийн муммижсан биеийн дотор болон гадна орших бичил биетүүдэд хийсэн ДНХ-ийн иж бүрэн шинжилгээгээр эрдэмтэд хэд хэдэн мөөгөнцрийн төрлийг түүний нас барсан хүйтэн уулын орчинтой холбон тайлбарласан байна. Эдгээр мөөгөнцөр нь түүний цогцост суурьшиж, хамт хөлдсөн байх магадлалтай аж. Судалгааны үр дүнгээр мөөгөнцрийн төрөлхийн хүйтэнд тэсвэртэй шинж чанар нь тэднийг олон мянган жилийн турш идэвхгүй боловч амьд байлгаж, дахин сэрэх чадвартай хэвээр үлдээсэн байна. Энэхүү судалгаа өнгөрсөн долоо хоногт Microbiome сэтгүүлд нийтлэгджээ.
Үнэн хэрэгтээ эдгээр бичил биетүүдийн зарим нь “зүгээр нэг идэвхгүй үлдэгдэл төдий биш”муммийн доторх чийгийн бичил хөндийнүүдэд аажмаар үржиж байж болзошгүй гэж судалгааны зохиогчид мэдээлсэн байна. Энэ өсөлт нь эртний үлдэцүүд дэх бичил биетний урт нас, идэвхжил урьд нь бодож байснаас өндөр байж болохыг харуулж байгаа аж.
Их Британийн Зүүн Английн Их сургуулийн хувьслын геномикийн судлаач Андрес Бергсторм “Эртний хүний үлдэцээс гарган авсан ДНХ-ийн олон судалгаанд бичил биетний ДНХ-ийг үл тоомсорлодог. Мөн олдсон бичил биетний ДНХ нь хүний биетэй адил настай юу эсвэл сүүлийн үеийн бохирдлоос үүдэлтэй юу гэдэг нь ихэнхдээ тодорхой байдаггүй. Өтцигийн энэхүү судалгаа энэ асуудалд үнэхээр сонирхолтой ойлголтуудыг өгч байна” гэжээ.
Эрдэмтэд Өтциг мөстэй Өтцталь Альпийн нуруунд эцсийн амьсгалаа татах ганцаараа байсан таамагладаг. Гэвч тэр үнэндээ ганцаараа байгаагүй аж. Түүний амьд биеийг хэдэн их наяд бичил биетүүд эзэлжээ. Үүгээр ч зогсохгүй тэд нас барсных нь дараа ч цогцост нь үлдсэн байна. Зарим нь бүр түүний нас барсан газрын хөрснөөс гаралтай байжээ.
Судалгааны ахлах зохиогч, Италийн Болцано хот дахь Eurac Research-ийн Муммийн судалгааны хүрээлэнгийн захирал Франк Майкснер “Эдгээр бичил биетүүд нь аж үйлдвэржилт хүний микробиомыг өөрчлөхөөс өмнөх Зэсийн үеийн хүний гэдэс ямар байсныг харуулах онцгой, басхүү үнэ цэнтэй зураглалыг бидэнд өгч байна” гэжээ.
Майкснер “Бид өнөөгийн аж үйлдвэржсэн амьдралтай хүмүүсийн дунд маш ховор болсон, харин уламжлалт амьдралын хэв маягтай хүмүүст одоо ч тохиолддог эртний гэдэсний бактерийг Өтцигийн дотор хадгалагдан үлдсэнийг тогтоосон” гэж хэлсэн байна.
Эрдэмтдийн хувьд бичил биетүүд нь Өтци шиг сонирхол татахуйц зүйл юм. Учир нь тэдгээр нь түүний микробиом, эрүүл мэндийн талаар мэдээлэл өгөхөөс гадна эртний орчны бичил биетний бүлгийн олон янз байдлыг ойлгоход тусалдаг.
Гэхдээ хадгалагдан үлдсэн органик үлдэцийн хувьд бичил биетүүд асуудал ч үүсгэж болзошгүй. Олон мянган жилийн турш мөсөн гол болон хөлдүү температур Өтцигийн бие болон бичил биетүүдийг задрал, муудлаас хамгаалж иржээ.
1991 онд Австри-Италийн хилийн ойролцоо уулчид Өтцигийн муммийг олсны дараа түүнийг Болцано дахь Өмнөд Тиролын археологийн музейд хадгалж эхэлсэн. Тэнд муммийг цельсийн -6 хэмд, харьцангуй чийгшил 99 хувьтай орчинд хадгалжээ. Эдгээр нөхцөл нь Өтци олдсон мөсөн голын нөхцөлтэй төстэй байсан юм.
Гэвч зарим төрлийн бичил биетүүд маш хүйтэн орчинд өсөж үрждэг нь мэдэгдсэн тул энэхүү арга үнэхээр бичил биетүүдийг хяналтанд байлгаж чадаж байна уу гэсэн асуултыг эрдэмтэд сүүлийн үед тавьж эхэлжээ. Түүнчлэн муммитэй харьцах явцад орчин үеийн бактери, мөөгөнцрөөр бохирдох эрсдэл бий болдог нь түүний бичил биетний бүтцийг тодорхойлоход хүндрэл учруулдаг байна.
5300 жилийн өмнө нас барсан Өтцигийн сэргээн бүтээсэн дүр төрх. Augustin Ochsenreiter/South Tyrol Museum of ArchaeologyБичил биетүүдийг удирдах нь
Шинэ судалгааны хүрээнд эрдэмтэд Өтцигийн бичил биетүүдэд нарийвчилсан судалгаа хийжээ. Тэд бие доторх усны хуримтлалыг шинжилж, муммийн гадаргуугаас арчдас авч, ил гарсан дотоод эдээс дээж цуглуулсан байна.
Мөн 1991 оны малтлагын үеэр муммийн доороос авсан хөрсийг судалж, өмнө нь Өтцигийн гэдэсний гүн хэсгээс цуглуулсан дээжийн мэдээллийг ашиглажээ.
Судлаачид мөн муммийн хадгалах тасалгаа болон түүнтэй ажилладаг өрөөний агаарт буй бичил биетүүдийг цуглуулж өсгөвөрлөсөн байна.
Арчдас болон дээжүүдээс зарим бичил биетийг амжилттай өсгөвөрлөсний дараа амьд болон амьд бус сорьцуудаас ДНХ ялган авч, ДНХ-ийн гэмтлийн түвшинг судалжээ. Ингэснээр мөөгөнцөр, бактерийн төрлийг тодорхойлохын зэрэгцээ тэдгээр нь эртний эсвэл орчин үеийн гаралтай эсэхийг таамаглах боломжтой болсон байна.
Үүний үр дүнд ямар бичил биетүүд Өтцитэй хамт байсан, аль нь нас барсны дараа түүний биед шилжиж ирсэн, аль нь хожим хүний хүрэлцээний улмаас нэвтэрсэн болохыг ялгаж тогтоожээ.
Өтцигийн гадаргуугийн эдэд хамгийн түгээмэл илэрсэн бичил биетүүд нь Methylobacterium болон Sphingomonas бактери байв. Эдгээр нь орчин үеийн хүмүүсийн хүрэлцээнээс үүдэн нэвтэрсэн байна.
Харин Staphylococcus төрлийн өөр нэг бактерийг муммийн өөрийн микробиомын хэсэг гэж үзжээ. Мөн Glaciozyma, Goffeauzyma, Mrakia, Phenoliferia гэсэн дөрвөн төрлийн мөөгөнцөр Өтцигийн биеийн дотор болон гаднаас илэрсэн байна.
Антарктид зэрэг газарт байдаг хүйтэнд дасан зохицсон мөөгөнцөртэй генетикийн хувьд төстэй байсан нь эдгээрийг хүрээлэн буй орчны гаралтай бичил биетүүд болохыг харуулжээ. Харин ДНХ-ийн гэмтэл нь тэдгээрийг Өтцигийн эртний Альпийн экосистемтэй холбож өгсөн байна.
Эрдэмтэд одоо ямар бичил биетүүд байгааг мэдсэн тул эдгээр мөөгөнцөр, бактериуд юу хийж байгаа болон Өтцигийн биеийн “экосистем”-д хэрхэн харилцан үйлчилж байгааг илүү сайн ойлгохыг зорьж байна.
Glaciozyma хэмээх мөөгөнцөр 2010 онтой харьцуулахад муммийн дээр илүү олноор илэрч, ДНХ-ийн гэмтэл нь багассан байжээ. Энэ нь уг мөөгөнцөр музейн хөлдүү орчинд ч үржиж чаддаг байж болзошгүйг харуулж байна.
Мөн Mrakia-гаас бусад мөөгөнцрүүд нь эртний үлдэцийг хамгаалахад ашиглаж байсан бодисууд болон органик материалыг задлан хооллох боломж олгодог генүүдтэй байжээ.
Хэдийгээр муммид одоогоор ямар нэг гэмтлийн шинж тэмдэг илрээгүй байгаа ч энэ нээлт нь түүний ирээдүйн аюулгүй байдал, хадгалалтын талаар анхаарах хэрэгтэйг сануулж буй юм.
Мексикийн Мексикийн Үндэсний Автономит Их Сургуулийн судалгааны профессор Рене Серритос “Миний хувьд хамгийн сонирхолтой шинжилгээ нь өсгөвөрлөлтөд суурилсан арга байсан. Энэ аргаар бүр 5300 жилийн настай организмуудыг ч сэргээж авах боломжтой” гэж хэлжээ.
Гэсэн хэдий ч сэргэсэн гэж үзэж буй эртний бичил биетүүдийн нэг болох Staphylococcus нь орчин үеийн бохирдлоос гаралтай биш гэж дүгнэхэд одоохондоо эрт байна гэж тэр нэмж хэлсэн байна. Учир нь энэ төрлийн бактери хүний арьсан дээр маш түгээмэл байдаг аж.
Түүний геномыг бүрэн дараалал тогтоож, түүхэн болон орчин үеийн Staphylococcus-ын омгуудтай харьцуулах нь насжилтыг тодорхойлоход тусална гэж тэр үзжээ.
Өтцигийн ходоодноос авсан дээжээс өсгөвөрлөсөн хөрөнгө мөөгөнцрийн колониудыг микробиологич Мохамед Сархан шинжилж байна Andrea De Giovanni/Eurac ResearchӨтцигийн амьдралын талаарх шинэ ойлголтууд
Өтциг олсноос хойш өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд эрдэмтэд түүний амьдрал болон 46 орчим насандаа хүчирхийллийн улмаас нас барсан тухай гэхчлэн олон сэжүүрийг нэгтгэж чадсан байна.
Түүний сүүлчийн хоолонд үр тариа, ургамал, буга болон уулын янгирын мах багтаж байжээ.
Гар дээрх гүн зүсэлт болон мөрөнд нь зоогдсон сум түүний амьдралын сүүлчийн өдрүүд хүчирхийллээр дүүрэн байсныг илтгэдэг. Өтци мөрөндөө авсан шархнаасаа болж цус алдан нас барсан байх магадлалтай.
Түүний бие дээрх 61 шивээстэй нь дэлхийн хамгийн эртний шивээсүүдийн тоонд ордог.
Харин Өтцигийн зүрхнээс илэрсэн кальцийн хуримтлал нь зүрх судасны асуудалтай байсныг илтгэж байсан бол гэдэснээс нь ходоодны шарх, ходоодны хорт хавдартай холбоотой Helicobacter pylori гэх бичил биет илэрчээ.
Эдгээр шинэ нээлтүүд нь Өтци болон алс өнгөрсөн үеийн бусад үлдэцүүдийн талаар цаашдын шинэ ойлголтуудыг нээж өгөх боломжтой юм.
Бергстром “Ийм нарийн судалгааг хүн болон амьтдын илүү өргөн хүрээний үлдэцүүд дээр, ялангуяа эртний ДНХ-ийн ихэнх судалгаанд ашиглагддаг ясны эд дээр хийх боломжтой болно гэж найдаж байна. Үлдэц дээрх бичил биетний бүлгэмдэл цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөж байгааг судалснаар тухайн организмыг нас барах үед ямар бичил биетүүд байсан болохыг илүү сайн ойлгох боломжтой. Энэ бол бидний хамгийн их сонирхдог зүйл юм” гэдгийг онцолсон байна.