
Томоохон хөрөнгө оруулалтын банкны нэг Goldman Sachs-ын ерөнхий эдийн засагч, Дэлхийн судалгааны хэлтсийн тэргүүн Ян Хациусын удирдсан баг дэлхийн аваргад түрүүлэх боломжтой багуудын магадлалыг танилцуулжээ.
Тус банкны тооцооллоор Испани түрүүлэх 26 хувийн магадлалтай байгаа бол Франц 19 хувь, Аргентин 14 хувийн магадлалтай байна. Goldman-ы таамаглалын загвар нь багийн түүхэн амжилт, гоол оруулах чадвар, багийн форм, газарзүйн хүчин зүйл болон бусад үзүүлэлтийг харгалзан үздэг. Мөн багийнхан “аваргын дараах уналт” хэмээх үзэгдлийг тооцсон бөгөөд 2022 онд түрүүлсэн Аргентин хүлээлтээс доогуур тоглож болзошгүйг анхааруулжээ.
Goldman нийт 48 улсын шигшээ багийн дараагийн шатанд шалгарах магадлалыг гаргасан байна. Үүнд зохион байгуулагч орнууд болох Канад (50 хувь), Мексик (68 хувь), АНУ (39 хувь) шөвгийн 16-д шалгарах боломжтой гэж үзжээ.
Goldman-ы таамаглал хэр найдвартай вэ?
Goldman Sachs өмнө нь ч Дэлхийн аваргын ялагчийг таамаглах оролдлого хийж байсан бөгөөд 2014, 2018 оны тэмцээний өмнө ижил төстэй тооцоолол гаргаж байв.
Гэхдээ компанийн энэхүү таамаглал бол ердөө л тооцоолсон төсөөлөл юм. Эдийн засагчдын анхааруулснаар загварын тайлбарлах чадвар “хязгаарлагдмал” төдийгүй хөлбөмбөг өөрөө “угаасаа урьдчилан таахад бэрх” спорт гэнэ.
Goldman 2018 онд алдсан. Нэг сая удаагийн симуляци хийсний дараа Бразил цом хүртэх магадлал ойролцоогоор 18 хувьтай, Германтай шигшээ тоглолтод шалгарна гэж таамаглаж байв. Гэвч Бразил шөвгийн наймд хасагдаж, финалд Франц Хорватыг ялсан. Харин Goldman Францыг түрүүлэх магадлал өндөр хоёр дахь баг гэж үнэлж байсан юм.
Goldman тухайн тэмцээнийг өмнөхүүдтэй харьцуулахад “сэтгэл хөдөлгөм, урьдчилан таахад бэрх” байсан гэж тодорхойлсон. Тоглолтууд үргэлжлэхийн хэрээр шинэ мэдээлэлд мэдрэмтгий хариу үйлдэл үзүүлдэг загвараа онцолжээ. Үүнд Оросын шигшээ багийн санаанд оромгүй сайн тоглолт ч багтаж байв.
Goldman-ы багийн таамаглалд 1978 оноос хойш болсон бараг 20 000 тоглолтын дүн шинжилгээ оржээ. Тэд уг дүнгийн тусламжтайгаар тодорхой өрсөлдөгчтэй тоглоход баг хэдэн гоол оруулахыг тооцоолох боломжтой аж.
Эдийн засагчид энэ жилийн загварт өмнөхөөс илүү олон хүчин зүйл оруулсан гэж хэлсэн ч тоглогчдын эрүүл мэнд, дасгалжуулагчийн туршлага зэрэг зарим чухал хүчин зүйлсийг бүрэн тооцож чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрчээ. Судалгааны загвар хязгаарлагдмал мэдээлэл дээр ажилладаг тул энэ нь бодит байдлаас нэлээд хол “сонирхолтой туршилт” юм.
Нөгөө талд Нью-Йорк хотын Сити Коллежийн инженерийн профессор Жацек Дмоховски “Goldman-ы тоолооллыг бооцооны зах зээлээс бага нарийвчлалтай гэж шүүмжлээд “Goldman-ы загварт орж байгаа мэдээлэл бол онлайн таамаглалын зах зээлд мөнгө тавьсан сая сая хүний эзэмшиж буй бүх мэдээллийн өчүүхэн хэсэг л юм” гэжээ.
Таамаглал ба бооцооны зах зээл
Сүүлийн Дэлхийн аваргын тайландаа Goldman өөрийн загварыг онлайн таамаглалын зах зээлүүдтэй харьцуулжээ. Эдгээр нь хэрэглэгчдэд улс төр, спорт, санхүү, цаг агаар, сүүлийн үед Ираны дайны талаарх үйл явдал зэрэг бараг бүх зүйл дээр бооцоо тавих боломж олгодог платформууд юм. Үүнд Polymarket болон Kalshi зэрэг платформууд багтдаг. Тус платформууд дээр хэрэглэгчид ихэвчлэн “тийм” эсвэл “үгүй” гэсэн хариулттай асуултууд дээр байр сууриа арилждаг.
Ариун Загалмайн Коллежийн эдийн засгийн профессор Виктор Матесон “Эдгээр зах зээлүүд ерөнхийдөө нэлээд үр ашигтай ажилладаг” гэж тодорхойлжээ.
Түүний хэлснээр эдгээр зах зээл спортын тэмцээний талаарх “боломжтой бүх мэдээллийг бооцооны үнэд шингээдэг” аж.
Polymarket болон Bet365 аль аль нь Испанийн түрүүлэх магадлалыг 20 хувиас бага, Францын магадлалыг ч ойролцоо үнэлжээ.
Гэхдээ Дмоховскийн үзэж буйгаар таамаглалын зах зээлүүд ч төгс биш юм. Тоглогч гэмтсэн тухай мэдээлэлд хэт хариу үзүүлэх, магадлал багатай үр дүнд хэт найдах зэрэг гажуудал гарч болзошгүй аж.