
Холливудын нэрт хөгжмийн зохиолч, кино хөгжмийн урлагт симфони найруулгыг орчин үеийн хөгжимтэй чадварлаг хослуулснаараа алдартай Жеймс Ньютон Ховард 1951 оны энэ өдөр АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод төржээ.
Тэрээр 140 гаруй киноны хөгжмийн бүтээл туурвисан агаад 9 удаа академийн шагналд нэр дэвшсэн удаатай. Түүний хөгжимд сонгодог симфони найруулгын өргөн цар хүрээ, кино өгүүлэмжийг сэтгэлзүйн түвшинд дагалдах нарийн мэдрэмж хоёр зэрэгцэн оршдог тул орчин цагийн кино хөгжмийн хамгийн нөлөө бүхий төлөөлөгчдийн нэг гэж үнэлэгддэг.
THE SIXTH SENSE (1999)
Энэхүү сэтгэл зүйн триллер кинонд зориулсан хөгжим нь Ховардыг Холливудын шилдэг хөгжмийн зохиолчдын эгнээнд баттай оруулсан бүтээл гэж судлаачид үздэг. Хэт сүржин найрал хөгжим ашиглахын оронд намуухан төгөлдөр хуур, чавхдаст хөгжмийн гунигт аялгуугаар айдас, ганцаардлын мэдрэмжийг бүтээсэн. Уг бүтээлээрээ тэрээр 1999 онд Оскарт нэр дэвшиж байв.
KING KONG (2005)
Петер Жэксоны найруулагчийн дэлгэцнээ бүтээсэн үлэмж Кинг Конгийн түүхийг өгүүлэх адал явдалт кинонд зориулж бичсэн симфони бүтээл нь түүний карьерын оргилуудын нэг гэж тооцогддог. Хайр, эмгэнэл, сүр хүчийг нэгэн зэрэг илэрхийлсэн өргөн цар хүрээтэй найруулгатай. Ялангуяа Конг болон Энн Дарроугийн харилцааг илэрхийлсэн хөгжмийн сэдэв нь кино хөгжмийн сонгодог жишээ болсон.
BATMAN BEGINS (2005)
Уг кинонд Ховард мөн л кино хөгжмийн нэр туурвилч Ханс Циммертэй хамтран ажиллажээ. Тэд супер баатрын киноны хөгжмийн шинэ өнгө төрхийг бий болгож, уламжлалт ялалтын аялгуунаас татгалзан бараан, бодит өнгө аясыг сонгосон аж. Хожим энэ хэв маяг орчин үеийн супер баатрын талаар өгүүлэх олон кинонд нөлөөлсөн гэж үздэг.
-660x0.png)
THE DARK KNIGHT (2008)
Бэтмэний гурамсан цувралын хамгийн алдартай ангид мөн л Ханс Циммертэй хамтран ажилласан билээ. Ялангуяа Жокерын дүрд зориулсан түгшүүртэй, хөгжмийн хэм хэмжээг эвдсэн мэт сонсогдох авиа нь кино хөгжмийн түүхэнд өвөрмөц шийдэл болсон. Энэхүү бүтээл нь киноны сэтгэл зүйн дарамтыг хүчтэй нэмэгдүүлсэн гэж шүүмжлэгчид үнэлдэг.
THE HUNGER GAMES (2012)
Залуу үеийн хамгийн алдартай кино франчайзуудын нэг болох уг бүтээлд Ховард үндэсний хөгжмийн элемент, симфони найруулга, орчин үеийн авиа дизайныг хослуулсан. Түүний бүтээсэн үндсэн хөгжмийн сэдэв нь Катнисс Эвердиний тэмцэл, найдвар, хувьсгалын бэлгэдэл болж чадсан юм.