
ОХУ-тай ойртсон Пёньяны улмаас сүүлийн жилүүдэд хөндийрсөн харилцааг сэргээх зорилготой айлчлалын хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Умард Солонгост газардаж, тус улсын удирдагч Ким Жон Ун түүнийг хүлээн авлаа.
Ши Жиньпин бараг долоон жилийн дараах анхны айлчлалаараа Умард Солонгост хоёр өдрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн нь Хятадын удирдагч бага түнш улсынхаа харилцааг дахин идэвхжүүлэхийг зорьсны баталгаа гэж шинжээчид үзэж байна.
Хятадын төрийн мэдлийн Синьхуа мэдээллийн агентлагийн нийтэлсэн дүрс бичлэгт Ши Жиньпин болон түүний эхнэр Пэн Лиюань нарыг тээвэрлэсэн Air China компанийн онгоц Пёньяны Сунаны Олон улсын нисэх буудалд газардсан нь харагджээ.
Улаан хивс дэвссэн нисэх буудалд Умард Солонгосын хүндэт харуулууд Ши болон түүний дагалдан яваа төлөөлөгчдийг угтан авсан байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайд Ван И, Ши-гийн Тамгын газрын дарга гэгддэг Цай Чи нар багтжээ.
Ши болон Пэн Лиюань нар Пёньяны төв хэсэгт байрлах Ким Ил Суны талбайд очиход тэнд тэднийг Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун, эхнэр Ри Сол Жугийнхаа хамтаар угтан авчээ.
Хоёр орны төрийн дууллыг цэргийн найрал хөгжим эгшиглүүлж, 21 буудлагын ёслолын төгсгөлдхүүхдүүд тэдэнд цэцэг өргөн барьсан байна.
Туг, цэцэг, бөмбөлөг барьсан олон хүн цуглан “Нөхөр Ши Жиньпинийг халуун дотноор угтан авъя”, “Хэзээ ч үл тасрах найрамдал” гэсэн уриа бүхий самбар гудамжаар өлгөжээ.
Ёслолын дараа Ким Жон Ун болон Ри Сол Жу нар Ши, Пэн нарыг 2019 онд гадаадын төрийн тэргүүнүүдийг хүлээн авах зориулалтаар барьж дуусгасан төрийн өмчийн тансаг цогцолбор болох Кумсусан зочид буудалд хүргэжээ.
Тэнд удирдагчид худалдаа болон хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцээ хийсэн байна. Даваа гарагийн орой Ши мэдэгдэл гаргаж, “олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч” Хятад улс Умард Солонгосыг дэмжсээр байх болно гэдгээ илэрхийлжээ.
Мөн Ши Жиньпин Хятад, Умард Солонгосыг “эдийн засаг, худалдааны бодит хамтын ажиллагаагаа өргөжүүлэх”-ийг уриалсан тухай Синьхуа агентлаг мэдээлсэн байна.
Тэрээр “Хоёр тал хил боомтууд бүрэн нээгдэж, иргэний нислэг болон олон улсын зорчигч тээврийн галт тэрэгний үйл ажиллагаа сэргэсэн боломжийг ашиглан хүмүүсийн солилцоог өргөжүүлж, хоёр чиглэлийн зорчих хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ёстой” гэжээ.
Ким Жон Ун Хятадын “гайхамшигт хөгжлийн ололт амжилт” болон “дэлхийн энх тайвныг дэмжих” хүчин чармайлтад нь Шид баяр хүргэсэн гэж Синьхуа мэдээлжээ.
Умард Солонгос нь Хятадын цорын ганц албан ёсны гэрээт холбоотон улс боловч Ковид19 цар тахлын үеийн худалдааны гацаа, ОХУ-тай улам ойртсон харилцааны улмаас сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа тодорхой хэмжээгээр хөндийрсөн юм.
Шигийн айлчлал нь Хятад, Умард Солонгосын Найрамдал, хамтын туслалцааны гэрээ байгуулагдсаны 65 жилийн ойн өмнө болж байна. Энэхүү гэрээ нь өнөөдөр ч Хятадын өөр улстай байгуулсан цорын ганц батлан хамгаалахын гэрээ хэвээр байгаа юм.
1950-иад оны эхэн үеийн Солонгосын дайны үеэр Хятад болон Умард Солонгосын цэргүүд Өмнөд Солонгосын эсрэг мөр зэрэгцэн тулалдаж байв. Гэвч Умард Солонгос, ОХУ-ын цэргийн хамтын ажиллагаа илүү шинэ түүхтэй.
Умард Солонгос Украинд өрнөж буй дайнд Оросын талд тулалдахаар 10 000 гаруй цэрэг илгээж, 2024 онд Москва, Пёньян хоёр харилцан батлан хамгаалах гэрээ байгуулсан юм.
Asia Society-ийн ахлах судлаач Жон Делури “Умард Солонгосын суртал ухуулгад Оростой хамтран дайн байлдаанд оролцож бий болсон ойр дотно харилцааг хэтрүүлэн магтдаг. Харин Хятадтай холбоотой зүйлс нь илүү дурсамжийн өнгө аястай байдаг. Тэд Умард Солонгосын Оростой байгуулсан харилцаа Хятадтай харилцах харилцаанаас хэт давж гарахыг хүсэхгүй байна” гэжээ.
Ши Жиньпин, Ким Жон Ун, Владимир Путин гурав өнгөрсөн оны есдүгээр сард Бээжинд болсон томоохон цэргийн парадын үеэр мөр зэрэгцэн зогсож байв.
Тэрхүү арга хэмжээ нь авторитар дэглэм давамгайлсан шинэ дэлхийн дэг журмын удирдагчид болох хүсэлтэй улсуудын хүч чадлын илэрхийлэл болсон юм. Гэвч бодит байдал дээр тэд өөр өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд нарийн тэнцвэр хадгалах шаардлагатай байдаг.
Орос болон Умар Солонгосын ялгаа нь Хятад улс АНУ-тай, ялангуяа худалдааны салбарт, стратегийн харилцаагаа хадгалах сонирхолтой хэвээр байна.
Хэдийгээр Трамп–Шигийн уулзалт бодит үр дүнгээр хомс байсан ч Трамп дараа нь Умард Солонгосын асуудлыг Шитэй хэлэлцсэн гэж мэдэгдсэн юм.
Трамп Ши Жиньпинээс Ким Жон Унд дамжуулах захидал эсвэл мессеж өгсөн байж магадгүй гэсэн таамаг ч гарсан байна. Трамп өмнө нь Умард Солонгосын удирдагчтай дахин уулзах хүсэлтэй байгаагаа олон удаа илэрхийлжээ.
Сүүлийн жилүүдэд Бээжин, Вашингтон хоёр Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн эсрэг нэгдсэн байр сууринаасаа аажмаар холдсон байна.
Энэхүү айлчлал нь Ши Жиньпиний гадаад айлчлал гэдгээрээ ч онцлог юм. Сүүлийн саруудад тэрээр олон улсын удирдагчдыг Бээжинд хүлээн авч байсан бөгөөд цар тахлаас өмнөхтэй харьцуулахад гадаад айлчлал харьцангуй цөөн хийдэг болсон.
Түүнийг Умард Солонгост айлчлахаар шийдсэн нь Хятадын холбоотон улс Бээжингээс богино нислэг эсвэл галт тэргээр хүрэх зайд оршдогтой холбоотойгоос гадна хоёр улсын харилцаа ямар чухал болохыг харуулж байна.