Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 ойн Үндэсний их баяр наадам орон нутагт үргэлжилж байна.
Энэ онд Сүхбатаар аймгийн Асгат, Дарьганга, Онгон, Баяндэлгэр, Халзан болон Түвшинширээ сумын 100 жилийн ой тохиож байна. Өнөөдөр нээлтээ хийсэн Халзан сумын баяр наадмын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, наадамчин олонд баярын мэндчилгээ хүргэлээ.
1925 онд Дарьгангын таван гар сүрэгтэн хошууг 18 сум болгон зохион байгуулахад Халзан сум байгуулагджээ. Шарга уул, Цагаан овоо, Дэмбэрэл, Шовдол, Баян-Уул зэрэг уултай, намхан ухаа, толгод бүхий нутагтай энэ сумын 100 жилийн ой энэ онд тохиож байна.
Халзан сумаас Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналтан тус бүр дөрөв, Ардын цолтон зургаа, гавьяат цолтон 40, улсын аварга, сайн малчин 28, улсын манлай уяач хоёр, алдарт уяач 11, аймгийн алдарт уяач 160, төр нийгмийн зүтгэлтэн 27 төржээ. Халзан сум эрдэмтэн, докторуудын тоогоор аймагтаа тэргүүлдэг.
Халзан сумаас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын 6 дахь Ерөнхий сайд Ц.Жигжиджав, Геологийн яамны сайд, Хөдөлмөрийн баатар Ч.Хурц, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Гавьяат хуульч Ш.Цогтоо, Аж үйлдвэрийн яамны орлогч сайд Я.Гомбосүрэн, Бригадын генерал Д.Ганхүү нарын улс төрийн өндөр албан тушаалтнууд, төр нийгмийн зүтгэлтнүүд олноор төрөн гарчээ.
Ардын зураач Д.Амгалан, Ардын жүжигчин Ч.Шархүүхэн, Ардын багш Ш.Шагдар, А.Шархүү нарын алдартнууд энэ нутгийнх. Мөн өдгөө дэлхийн шилдэг баритон дуучин, Ардын жүжигчин Э.Амартүвшин гээд Халзан нутгаас төрөн гарсан урлаг, соёл спортын алдартнууд олон бий. Мөн Халзан сум Ховд аймгийн Дарви сумын дараа ордог алдартнуудын эх нутаг, их булаг билээ.